НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны агентлаг Юнескогийн дэлхийн өв соёлын санд Киргиз үндэсний эрчүүдийн өмсдөг малгайг бүртгэж авсан байна. Ингэснээр Киргиз улсыг сонирхох, зорих аялагч жуулчдын тоо нэмэгдэнэ хэмээн Засгийн газраас нь мэдэгджээ.
Тус улсын эрчүүдийн өмсдөг уламжлалт этгээд малгайг калпак гэж нэрлэдэг байна. Киргизийн Аялал жуулчлалын яамны сайд Максат Улу Дамирын хэлснээр калпак малгай Юнеско-д бүртгэлтэй болсноор уулархаг байгальтай, сонирхолтой улс үндэстэнтэй танилцах боломж жуулчдад нээгдэж байна гэжээ. АНУ-ын худалдааны байгууллагын цахим хуудсанд Киргиз улсад 2017 онд 1,3 сая жуулчин ирсэн хэмээн мэдээлжээ.
Калпак малгай нь хонхны хэлбэртэй бөгөөд, хар цагаан оруулгатай, дөрвөн талтай, ирмэгийг нь дээш эргүүлсэн байдаг. Малгайн хэлбэр Киргизийн цаст өндөр уулсыг илтгэдэг ба тус улсад жил бүр зөвхөн уг малгайг өмсөх өдрийг үндэстэн даяар тэмдэглэн өнгөрөөдөг ажээ. Бишкек хот дахь Парламентын танхимд энэ малгайд хүндэтгэлгүй хандсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлаар хэлэлцэж байна.
Одоогоос хоёр жил гаруйн өмнө калпак малгайг нохойд өмсгөсөн байсан нь олныг талцуулж, маргаан дагуулж байжээ.
Юнеско жил бүр зохион байгуулдаг уулзалтаараа энэ удаад соёлын 40 эд өлгийн зүйлийг биет бус өв соёлын санд нэмж бүртгэжээ. Дэлхийн биет бус өв соёлын санд ирээдүйд устаж болзошгүй төдийгүй дараа дараагийн үр удамдаа зориулан хадгалж хамгаалж, уламжлахын тулд таниулж мэдүүлэх ёстой гэж үзсэн дуу, түүх зэргийг багтаадаг юм.
Эх сурвалж: www.bbc.com