Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ш.Отгонбилэгийн гэгээн дурсгалд зориулсан үзгэн хөшөөг Эрдэнэт хотноо босгожээ.
Хөшөөний нээлтийн ёслолын үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Монгол-21” сангийн тэргүүн Д.Туяа, “Сэцэн” ХХК-ийн захирал Б.Цэдэндорж болон үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцсон аж.
Энэхүү хөшөөг цагаан гантиг суурин дээр Ш.Отгонбилэг агсны барьж байсан үзэгний дүрсийг, олон түмэнд "Шо захирал" хэмээн хүндлэгдэж явсныг нь бэлгэдэн куб буюу бүх тал нь тэгш шоо дүрсийн хамт урлан бүтээжээ. Уг хөшөөг түүний нэрэмжит гудамжных нь эхэнд байрлуулсан аж.
Хөшөөний гүйцэтгэгчээр Б.Цэдэндорж захиралтай “Сэцэн” ХХК ажиллаж, үйлдвэрийн Инженерийн зураг төслийн төвийн тэргүүлэх зохион бүтээгч инженер А.Соджаргал хөшөөний дизайныг гаргажээ.