Монгол Улсын төв талбайг тойруулан 34 ширхэг дөрвөлжин чулууг байрлуулсан нь олон нийтийн анхаарлыг ихээр татах болсон. Төв талбайгаа тойруулан тавьсан тэдгээр чулууг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн бөгөөд нийтдээ 100 гаруй сая төгрөг зарцуулсан болохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэллээ.
Харин уг чулууны хэлбэр хийц болон тендер шалгаруулалтын асуудлыг Төрийн тусгай хамгаалалтын газар, Хот байгуулалтын газар хамтран хийсэн аж. Уг чулуунуудын том нь 320 кг, жижиг нь 220 кг жинтэй учраас төв талбай руу машинтайгаа нэвтэрч иргэд рүү халдах гэсэн үйлдлийг таслан зогсоох зорилгоор хийсэн гэдгийг Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай хэлсэн юм.