Вьетнамын Засгийн газраас тэрсүүд үзэлтэн нэр зүүсэн зохиолч эмэгтэй өнгөрсөн жилээс хойш хоригдож байгаад энэ долоо хоногт суллагдсан байна. Суллагдсан даруйдаа АНУ руу дүрвэж, Техас мужийн Хюстонд ээж, хүүхдүүдийнхээ хамт иржээ.
“Мөөг ээж” нэрээрээ уншигчдын дунд алдартай эмэгтэй төрийн эсрэг суртал ухуулга хийсэн хэрэгт яллагдаж арван жилийн хорих ял сонсоод байсан юм. Түүнийг Хюстоны нисэх буудалд газардахад дэмжигчид нь цуглаж баяр хүргэжээ.
Зохиолч эмэгтэй “Вьетнамын нэг намын коммунист тогтолцоог халж ардчиллын төлөө тэмцлээ хэзээ ч зогсоохгүй” гэсэн байна.
“Мөөг ээж”-ийн жинхэнэ нэрийг Нгуен Нгок Ну Кюн гэдэг, 39 настай, хоёр хүүхдийн эх, блогчин. 2006 оноос хойш цахим сүлжээнд өөрийн шүүмжлэл, зэмлэлээ бичиж эхэлжээ. Вьетнамын блогчдын холбоог үүсгэн байгуулалцаж, цахим ертөнцийг иргэдийн дуу хоолой болгож чадсан юм.
Ингэхдээ охиныхоо “мөөг” нэрээр блогоо нэрлэсэн нь “мөөг ээж” нэрээр алдаршихад нөлөөлсөн байна. Түүний хийсэн үйлдэл, хөтөлсөн блогийг үнэлж Иргэний эрхийг хамгаалагч болон Хелман-Хаммет шагналуудыг олгож байжээ. Мөн өнгөрсөн жил АНУ-ын Төрийн департаментаас Олон улсын эрэлхэг эмэгтэйн шагнал өгсөн байна.
2016 онд баривчлагдсан эмэгтэй АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Маттисыг Вьетнамд богино хугацааны айлчлал хийсний дараахан суллагдсан байна. Жим Маттисыг нутаг буцаад удалгүй Америкийг зорьжээ. Тиймээс Америкийн Батлан хамгаалахын сайд Вьетнамын эрх баригчидтай “мөөг ээж”-ийг суллах талаар тохиролцоо хийсэн байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: www.bbc.com