-Тариад удаагүй буудай ярьж тохирсон мэт газрын зөөлөн бор хөрснөөс нэгэн жигд цухуйж, хэдхэн хоногийн өмнө хов хоосон байсан тал нэг л өглөө ногоон өнгөөр буй бүхнээ хучина. Дөнгөж цухуйж байсан нялх буудай тэнгэр өөд тэмүүлэн, хором хормоор ургасаар шаргалтан халиуран найгаж, болц гүйцсэн тариа түрүүгээ даахгүй бөхийж “Намайг хураагаач” гэж гуйн байх шиг. Яг тэр мөчид тариан талбай дээрээ зогсож, түмнийхээ хүнсний хэрэгцээнд хувь нэмрээ оруулж байгаагаа зарлан тунхаглахын аз жаргалын амтыг тариаланчдаас өөр хэн ч мэдэхгүй-
С.Ганболд атар газар эзэмшсэнээс хойшхи нэг жарны дөрөвний гурав нь буюу 45 жил энэ салбарт хүч, хөдөлмөр, хөлсөө зориулсан, цаашид ч зориулсаар байх эрхэм. Тиймдээ ч 1983-1990 он хүртэлх найман жилийн хугацаанд зургаан удаа улсын ургацын аварга болж байсан түүхтэй.
1989 онд Атар газар эзэмшсэний 30 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 40 жилийн ойгоор Гавьяат механикжуулагч болж байжээ. Тэрбээр мөн бага залуу насандаа алдаж эндэж явсан ч түүнийг өнөөдрийн зэрэгт хүргэсэн “Танай нутаг хөдөлмөрийн баатар олон, газар тариалангийн тэргүүний сангийн аж ахуй ч бий. Хоолоо олж идэхийн төлөө биш, алдартнуудаас дутахгүй Ерөөгийнхөө нэрийг гаргасан тракторчин болоорой” гэж ерөөсөн үгийг тэр л үедээ сонсож, тракторчин болохоор шийджээ.
Харин найз нөхөд нь түүнийг “Миний хөгшин хайран залуу насаа хөдөө дуусгах нь” гэдэг байж. Тэрбээр “Нэгэнт сэтгэл зүрхээ зориулахаар шийдсэн болохоор ажилласан шиг ажиллана” гэх нэг хариултаа байнга хэлнэ.
С.Ганболд “Алтанбулаг” техникумд сурч, дараа нь ХААИС-ийг эчнээгээр төгсчээ. 1990 онд ардчилсан үндсэн хууль батлахад депутатаар оролцож байсан түүхтэй. Дарга нарыг шүүмжилдгээсээ болж дарлуулж явсан үе ч түүнд бишгүй. Гэхдээ тэрбээр нэг ч удаа шагналын хойноос гуйж явсангүй. Хөдөлмөрийн баатар болохоос нь өмнө түүнийг хүмүүс хэвлэлд ярилцлага өгч, өөрийнхөө талаар рекламдахыг санал болгожээ. Харин тэрбээр тэр хүмүүст баярласнаа илэрхийлж, шагналыг гуйж бус гуядаж авах хүсэлтэйгээ хэлжээ.
Атрын 50 жил, Сэлэнгэ аймгийн 80 жил, Ерөөгийн 90 жилийн ойгоор ч түүнийг Хөдөлмөрийн баатар болгохоор олон хүн хичээл зүтгэл гаргаж байв. Зарим нь Ерөнхийлөгчтэй уулзаж, нөгөө нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт таньдаг хүнээр яриулж, “70 сая төгрөг байхад болох юм байна“ гэж. Тэрбээр тэр бүрт “Би ёс журмынхаа дагуу авбал авна. Эс бөгөөс үгүй” хэмээн хариулж, тодорхойлолт ч явуулаагүй гэнэ.
Газар тариалангийн салбарын анхны Хөдөлмөрийн баатар Ерөө сумаас төрж байжээ. С.Ганболд гуай харин сумынхаа тав дахь хөдөлмөрийн баатар нь
Энэ хүртэлх зам тийм ч дардан байгаагүй. Ерөөгийн сангийн аж ахуй 14 мянган га газар тариалалт хийж, ургац арвин жил 20 мянган тонн буудай хураана. 60 гаруй комбайнчинтай тул өрсөлдөөн ч ширүүн. Тэднээс ялгарахын тулд хүмүүсийг тамхи татах хооронд, хоолоо идээд л шууд ажилдаа гарна. Үүрийн дөрвөн жингээс шөнийн 01.00 хүртэл ажиллах үеүд ч цөөнгүй. Хоногт хоёр, гуравхан цаг унтана. Гэхдээ тэднийг хэн нэгэн хүчлээгүй, өөрсдөө л сайн дураараа ажиллаж байгаа нь тэр. Зарим нэгнийгээ эрт явуулахын тулд комбайнаа унтраагаад, явахаар нь ажлаа эхлэх нь ч бий. С.Ганболд ахад ч мөн тэгж явсан шөнүүд олон. Өнөөдрийн энэ амжилтын түүх, үндэс нь энэ өдрүүдээс эхлэлтэй.
Анх удаа Улсын ургацын аварга болсон 1983 он бол түүний амьдралд олон үйл явдал тохиолдсон, үр өгөөжөө өгсөн ч бас гашуун жил байжээ. Гал голомтоо бадрааж, улсын аварга болсон сайхан мэдээтэй ч хайртай ээжийгээ бурханд алдсан. Тухайн жил 1600 тонн буудай хураажээ.
Энэ хүртэлх зам тийм ч дардан байгаагүй. Ерөөгийн сангийн аж ахуй 14 мянган га газар тариалалт хийж, ургац арвин жил 20 мянган тонн буудай хураана. 60 гаруй комбайнчинтай тул өрсөлдөөн ч ширүүн. Тэднээс ялгарахын тулд хүмүүсийг тамхи татах хооронд, хоолоо идээд л шууд ажилдаа гарна. Үүрийн дөрвөн жингээс шөнийн 01.00 хүртэл ажиллах үеүд ч цөөнгүй. Хоногт хоёр, гуравхан цаг унтана. “Манай багш Балдай ах 1400 тонн буудай хурааж байлаа. Улсын аваргад тэмдэг, тууз өгдөггүй байсан. Намайг аварга болсон үед улсын ургацын аваргын тэмдэг, тууз, 2000 төгрөг гардуулсан” хэмээн тэр үеэ дурсана.
Түүний үүсгэн байгуулсан “Их шинэстэй” компани нь 5000 га эргэлтийн талбайтай, 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа, газар тариалангийн Монголын ууган компаниудын нэг. Мөн ХХААХҮЯ-наас 10 гаруй компани үрийн аж ахуйн гэрчилгээ авсны нэг нь тэднийх. Түүнчлэн Бугант тосгоны мод үржүүлгийн аж ахуйтай хамтарч, 5000 гаруй нарсыг талбайгаа хашаалж тарьсан гэнэ. Энэ нь мал тариан талбай руу орохоос сэргийлэх зорилготойгоос гадна салхи хаах, ойн зурвас болох онцгой ач холбогдолтой.
Гэнэн, омголон зангаасаа болж дарга нартаа гар хүрч явсан удаатай ч одоо тийм гэхээргүй даруухан харагдана. Хамгийн анх 1976 онд сангийн аж ахуйдаа ургац хураалтаараа нэгдүгээр байр эзэлж, Москва, Киев, Ленинградаар аялах эрхийн бичгээр шагнуулж байсан нь түүний энэ салбарт хүртсэн анхны шагнал. Мөн хил давсан анхны тохиолдол.
Ийм л ажил хөдөлмөр шүтэж яваа эгэл даруухан тариаланч түүнийг Монголын төр соёрхож, Монгол Улс Атар газар эзэмшний 60 жилийн түүхэн ойгоор Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолоор шагнасан билээ. Шинэхэн хөдөлмөрийн баатартай ийн ярилцлаа.
С.ГАНБОЛД: ШАГНАЛ ШАГНАЛЫН ДЭЭД БОЛ ОЛОН ТҮМНИЙ ХАЙР, ХҮНДЭТГЭЛ
-Хөдөлмөрийн баатар авсныхаа маргааш л та нутаг руугаа хүлгийн жолоо залсан. Нутаг усныхан тань шинэхэн баатраа хэрхэн хүлээж авч байна вэ?
-Монголд газар тариалангийн салбар үүсэж хөгжсөний 60 жилийн түүхт ойгоор төрийн дээд шагнал хүртлээ. Сэлэнгэ, Ерөөгийнхөн маань өөрсдөө шагнал авсан мэт баярлаж, маш их хүндэтгэлтэй хүлээж авсан. Таних, танихгүй маш олон хүн баяр хүргэлээ. Шагнал шагналын дээд бол энэ олон түмний хайр, хүндэтгэл. Үүнийг дааж чаддаг байгаа даа л гэж бодогдож байна. Найман настай балчираас наян настай хөгшид хүртэл өөрсдөө шагнал авсан юм шиг баярлахаар эрхгүй нүднээс нулимс гардаг юм билээ. Гавьяа шагнал хүртэнэ гэдэг нутгийн иргэд, сум, аймгийн удирдлагууд, мэргэжил нэгтнүүдийн маань дэм. Ерөөгийнхөндөө би маш их өртэй хүн. Авах ёстой бүх шагналаа хүртлээ.
-Хөдөлмөрийн баатар болохоо хэзээ мэдсэн бэ?
-Шагналын сураг сонсогдож л байсан. Атрын 60 жилийн ойгоор хоёр, гурван баатар төрнө гэцгээж байлаа. Зарлиг гарч, гарын үсэг зуртал ээдрээтэй байдаг, бас тэрийг үзэж туулсан болохоор нээх их хүлээгээгүй. Харин шагнал гардахын өмнөх орой манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн дарга энэ мэдээг дуулгаж, баяр хүргэсэн. Газар тариалангийн салбар маш хүнд, хэцүү. Энэ салбарт олон жил ажилласан, хүн амын хүнсний хэрэгцээг хангах буянтай үйлсэд хүчин зүтгэж байгааг минь төр засаг үнэлж, энэ шагналыг олгосон болов уу гэж бодож байна.
-Зарлиг гарч, гарын үсэг зуртал яагаад ээдрээтэй гэж?
-1999 онд Атрын 40 жилийн ойгоор Хөдөлмөрийн баатар болох дөрвөн хүний нэр гарчихсан байсан. Тэр хүмүүсийн дотор миний нэр байлаа. Тэр үед би ч хэнэггүй байж. Хөдөөнөөс эхнэртэйгээ ирээд, дэлгүүр хоршоо хэсэж явсан юм. Надад орой нь баярын хуралд оролцох урилга л өгсөн. Шагнал гардуулах ёс журмыг ч мэдэхгүй, аймгийн дарга ч чиглэл өгөөгүй. Гэтэл яг тэр өдрийн морин цагт над руу манайхан залгаад “Шагналаа гардаж авахгүй юмуу” гээд шавдууллаа. Ум хумгүй иртэл ёслолын арга хэмжээ дуусчихсан байсан. Н.Багабанди Ерөнхийлөгчийг цайндаа гарах үеэр нь шагналаа гардаж авсан. Хөдөлмөрийн баатар авах байсан ч гавьяат механикжуулагч болсонд голоод, шагнал гардуулах үеэр намайг ирээгүй гэж зарим хүн ойлгосон.
-Та газар тариалангийн салбартай хэрхэн, яаж амьдралаа холбож байв?
-Би газар тариалангийн бүс нутаг, тэр дундаа Ерөөдөө өсөж торнисон. Хүүхэд байхын л тариан талбайд явж байгаа тракторыг харж, кабинд нь сууж, тракторчин болох юмсан гэж хүсэж, боломж олдвол хааяа трактор барьж өссөн. Багаасаа техникийн хоббитой хүүхэд байлаа. Анх 1974 онд Ерөөгийн сангийн аж ахуйд трактор комбайнчаар ажилд орсноор энэ салбарт ажиллах гараа маань тавигдсан ч бүр 1970 онд тракторчин болсон юм. Үүнээс өмнө техникумд сурч байхдаа намрын ургац хураалтад тусалдаг байсан. 1996 он хүртэл сангийн аж ахуйдаа ажиллаж, 1997 оноос “Их шинэстэй” компаниа байгуулсан.
Компани байгуулахад дагаж явсан хүмүүс, тэдний хүүхдүүд одоо ч надтай хамт ажиллаж байна. Тариалангийн компаниудын шүдний өвчин бол боловсон хүчин. Том компаниудын удирдлагууд ч ярьдаг. Ургамал хамгааллын бодисыг нь ажилчид нь авч оронд нь ус хийх, дизель түлш, сэлбэгийг нь зардаг гэх мэт. Манайд ийм хэрэг нэг ч гарч байгаагүй.
-Компаниа байгуулъя гэж хэзээ шийдсэн бэ. Бэрхшээл, хүндрэл хэр тулгарч байсан бэ?
-1992 онд сангийн аж ахуйнууд задарч, хувьчлал явагдаад, манай Ерөөгийн сангийн аж ахуй “Их баян”, “Хандгайт”, “Ерөө” гэх гурван компани болж задарсан. Хүмүүс компанийн хувьцааг худалдан авч эхэлсэн. Энэ үед манай Ерөө сумын Засаг дарга Пүрэвдорж гэж багын найз маань “Чиний ямар тракторчин, улсын аварга байх хамаагүй. Мөнгөтэй хүн ирээд л энэ компанийн хувьцааг худалдаж аваад, бизнес болгоно. Энд ажиллаж байгаа хүмүүс хэн ч биш болно. Боломжтой бол компанийнхаа хувьцааг худалдаж ав” гэсэн.
Тэр үед би хувиараа бизнес хийж, хойноос трактор, сэлбэг оруулдаг байлаа. Тэгээд Брокерын пүүсээс зөвлөгөө авч, компани байгуулах эхлэлээ тавьсан. Ерөөгийн маань ард түмэн ч сайхан хүлээн авч, хоёр, гуравхан хоногийн дотор хувьцаагаа цуглуулж чадсан. Компаниа босгох үеэс газар тариалангийн салбар уруудаж эхэлсэн. 1997, 1998 онд гайгүй болсон ч 1999 оноос ган гачигтай олон жил үргэлжиллээ.
Манай газар тариалангийн салбар улсынхаа хэрэгцээг бүрэн хангадаг байсан тэр үе ард хоцорч, жилдээ 70 мянгахан тонн улаан буудай хураах болсон. Ясны тариаланч гэж хэлж болохуйц, газар шорооноос өөр зүйл боддоггүй хүмүүс л энэ салбарыг авч үлдсэн. Сүүлийн жилүүдэд өөр салбарын мөнгөтэй хүмүүс газар тариаланд хүч түрэн орж байна. Энэ бол сайн хэрэг. Газар тариалангаа зөв голдиролоор авч явж чадвал энэ салбар ирээдүйтэй.
-45 жил энэ салбарт ажиллахад хамгийн хэцүү үе хэзээ байсан бэ?
-Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган гачиг, мөн тариагаа дөнгөж хурааж эхэлж байхад ордог 20-30 см цас шантрахад хүргэдэг. Энэ салбартаа зүтгэхээр шийдсэн хүн даваад гарахаас яах вэ. 1999 оноос хойш ган гачигтай жилүүд үргэлжилсэн. Зарим жил наадмаас хойш 45 хоног нэг ч үүл гарахгүй, нар ээнэ. Энэ намар л гэхэд буудай, тариа соёолсноос хойш 40-өөд хоног ургацанд нөлөөлөх хур бороо ороогүй. Шантрах үедээ шантарч, зарим үед 75-аар бууж өгье гэдэг дээрээ тулна. Трактор комбайнчнаас эхэлж, энэ хүртэл явчихаад би шантарвал өөр хэн хийх вэ гэх бодол тээсээр өдийг хүрчээ.
-Газар тариала бол маш хүнд салбар. Энэ салбарт ажиллах хүчийг танд юу өгдөг вэ?
-Хэдхэн хоногийн өмнө тарьсан буудай соёолоод ногоорчихсон, зүлэг шиг харагдах, намар ургац хураах үед халиурсан тариан талбай дээр зогсож байх шиг жаргал хаана ч үгүй. Сэтгэл хөдлөм шүү дээ.
-Танай компанийг Монголын үрийн аж ахуйг бий болгож байгаа гэж сонссон?
-Санаж сэдэж байгаа юманд садаа мундахгүй гэгчээр байгаль дэлхийн зан аашийг тааж мэдэхийн аргагүй. Өнгөрсөн жил гэхэд манай ургацын бүс Сэлэнгийн нутагт буудайн болц оройтсон. Болц оройтох буудайн чанарт эрс нөлөөлнө. Ирэх жил гаднаас үр авахаас өөр аргагүй болох байх. Энэ хэрээр манай мөнгө гадагшаа урсана. Иймээс компани, сум орон нутаг, Засгийн газар хамтарч бодлогоо зөв, оновчтой хэрэгжүүлж, дотоодын доголдож байгаа салбараа цэгцлэх хэрэгтэй.
-Та бурханд итгэдэг үү?
-Шашин шүтлэггүй. Гэхдээ хангай дэлхийгээ бол шүтнэ ээ. Идээ, будааныхаа дээжийг өргөж, овоогоо тахилгүй яах вэ. Хангай дэлхий буян хишгээ хайрлаж, арвин хур хайрлаарай гэж залбирна.
-Шагнал гардах мөчид аав, ээж тань байсан бол юу гэж хэлэх байсан бол. Танд ер нь юу гэж захидаг байв?
-Аав, ээж маань богино насалсан. Аав 1971 онд 50-иадхан настай, харин ээж 57 насандаа 1983 онд бурхан болсон. Хэрэв амьд сэрүүн байсан бол хүүгийнхээ амжилтаар бахархах байсан даа гэж бодогдож байлаа. Тэд маань малчин гаралтай хүмүүс. Аав 1936 оноос таван жил цэргийн алба хааж, Халх голын дайн, Чөлөөлөх дайнд оролцож явсан. Халх голын медаль, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, 1950-иад оны үед улсын сайн малчин болж байсан хүн. Харин ээж сангийн аж ахуйд саальчин байлаа. Ардын хувьсгалаас хойш Буриадын нутгаас Хүдэр голыг дагаж амьдарч байсан айлууд хил хаахад Сэлэнгэд суурьшсан. Манай аав, ээжийн ах, дүү нарын зарим нь Оросын нутагт байдаг. Ерөөгийн буриадууд хэлмэгдүүлэлтийн үед маш их хэлмэгдсэн. Аав маань яг энэ үеэр 19 настай цэргийн албанд явсан байгаа юм.
Манай ээж хэлмэгдүүлэлтийн талаар, ямар гашуун зовлонтой нүүр тулж байсныгаа нүдэнд харагдтал ярина. Энэ үед манай нутагт байсан оросууд их тусалж байсан. Ээжийг 13 настай байхад нь аав, ах, дүү нар нь хэлмэгдэж, цаазлагдсан. Ээж, хоёр дүү, ээжтэйгээ үлдсэн гэдэг. Баривчилж байгаа хүмүүс хамаг өөдтэй, өнгөтэйг нь авна. Малыг нь хүртэл туугаад явахдаа ганц саалийн үнээ үлдээсэн байгаа юм. Тэрнийхээ, бас орос ах нарын буянд амьдарсан. Тиймээс Хүдэр, Ерөө сумын нутагт үлдсэн хүн их цөөн. Ихэнх нь хэлмэгдүүлэлтээс зугатаж, хот газар бараадсан. Нутагтаа үлдсэн цөөхөн хүний нэг нь би.
Ээж “Хүн амьтантай муудалзав. Хамт олонтойгоо сайхан нөхөрлөж, архи тамхинаас хол яв” гэж захиас даалгавар өгнө. Хүнд хүчир ажил хийдэг гээд намайг байнга эргэж тойрно. Ээжийн дүү мотоциклтэй. Дүүгээ дуудаад, идэж уух зүйлс, намайг чихэрт дуртай болохоор чихэр явуулна. Түүнийг нь цайны цагаар бригадынхантайгаа хувааж иднэ. Ээж маань их сайхан сэтгэлтэй. Хавь ойрынхоо хүүхдүүдэд чихэр их тараана. Тийм болохоор ч тэр үү, манайхаас хүүхэд ер салахгүй.
-Та хэр хатуу захирал вэ?
-Одоо гайгүй шүү. Дээхнэ үед алганы амт үзүүлэх үе байсан. Тэглээ гээд тэд маань гоморхохгүй, сайхан хамт олонтой би. Зах зээлд шилжсэнээс хойш хамгийн эвдрээгүй салбар бол хөдөө аж ахуй. Энэ хүмүүс ашиг хонжоо хайгаад өөр салбар руу явж болох л байсан, гэвч тэгээгүй. Сэлэнгийн газар тарилангийн бүс нутгийнхан өмч хувьчлалын үед хамгийн хүнд нөхцөлтэйгээр зах зээлд шилжсэн. Сангийн аж ахуйнуудад хуваах өмч байхгүй. 5-6 толгой мал аваад, компанид ажиллах нь ажиллаад, үлдсэн нь гудамжинд гарч байлаа. Гэтэл Оросын хамтралуудын хүн нь олон хэрнээ үйл ажиллагаа явуулж байгаа газар нь манай Ерөөгийн сангийн аж ахуйн нэг бригад шиг. Тэд хувийн аж ахуйг дэмжинэ. Манайд бол эсрэгээрээ. Хэдэн гахай тэжээчихвэл хувийн аж ахуйнтан болчихно. Гэтэл заах зээлд оронгуут манай сангийн аж ахуйнхны амьдрал доройтсон. Зах зээлийн мэдрэмж сайтай тулдаа хөлөө амархан олсон.
Компани байгуулахад дагаж явсан хүмүүс, тэдний хүүхдүүд одоо ч надтай хамт ажиллаж байна. Тариалангийн компаниудын шүдний өвчин бол боловсон хүчин. Том компаниудын удирдлагууд ч ярьдаг. Ургамал хамгааллын бодисыг нь ажилчид нь авч оронд нь ус хийх, дизель түлш, сэлбэгийг нь зардаг гэх мэт. Манайд ийм хэрэг нэг ч гарч байгаагүй. Ажилтнуудынхаа хүчинд Ерөөгийн гурван компаниас манайх л дампуураагүй үлдсэн. Зовох цагт минь хамт ажиллаж байсан найз нөхөд, тэдний хүүхдүүдэд үргэлж талархдаг. Удам дамжаагүй залуу тариаланч манай компанид байхгүй. Хамт ажиллаж байсан хүмүүс, тэдний хүүхдүүдийн буянаар манай компани тогтвортой ургац хурааж, өдийг хүртэл ажиллаж байна.
-Шагнал гардах үеэрээ та Ерөнхийлөгчид тариан түрүү өгч, үг хэлж байгаа харагдсан. Юу гэж хэлсэн бэ?
-Тариан түрүүг Тариаланчдын холбооноос бэлдэж өгсөн юм. “Нийт тариаланч, ногоочдынхоо өмнөөс тарианыхаа дээжийг өргөн баръя” гэж хэлээд өгөхөд Ерөнхийлөгч “Баярлалаа” гэсэн.
-Насаараа машин барьсан хүмүүс машин нь болохоо байсныг дуугаар нь мэддэг гэдэг. Та трактор, комбайнын ямар нэгэн зүйл нь эвдрэхэд андахгүй биз?
-Манай ажилтнууд одоо намайг гар хүргэхгүй. Гэхдээ бүр болохгүй бол оролцоно. Онгирч байгаа юм биш. Хүний гарт орсон мэргэжил гэдэг чинь ондоо. Залуучууд түлхүүрээ ч зөв барьсангүй гэж надаар загнуулна. Дээр үед манай нэг жолооч “Ганаа ах гар хүрэхээр л техник зүгээр болчихдог юм” гэдэг байлаа. Саяхан манайх шинэ трактор авсан юм. Гэтэл унтарчихаад асдаггүй гэнэ. Хуурай жил болоод намайг очих үед бороо ороод, дөнгөж чийг даачихсан байлаа. Трактор дээр нь гараад астачерт гараа тавиад “Одоо асаагаад үз” гэтэл асчихсан. Би ч тоглоом хийгээд “Миний гар ийм л шидтэй” гэтэл нөгөөдүүл итгэх янзтай байна.
Үнэндээ орчин үеийн, мэдрэгчтэй техник хэрэгслүүд нарийн тоос, шороо ороод тусгаарлагч болсон байх магадлалтай байдаг. Тэгээд агаар чийгтэй болохоор цахилгаан дамжих боломж бүрдсэн юм шиг байгаа юм. Би ер нь техникийн одтой. Сангийн аж ахуйд нэг техникээ таван жил барина. Минийх барагтай бол эвдрэхгүй.
-Та Монголын ирээдүйн газар тариалангийн салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Дэлхийн жишигт хүрсэн эрчимжсэн, шинэ техник, технологи нэвтэрсэн ирээдүй бидний өмнө хүлээж байна.
Тэрбээр гурван хүүхэдтэй бөгөөд тэд бүгд аавынхаа ажилд тусалж, компанидаа ажилладаг гэсэн. “Тариаланч хүнд хадан гэртээ очтол сурах юм тасардаггүй юм байна. Газар тариалангийн салбар бол бизнес биш. Газар тариалангаар баяжсан хүн дэлхийд байхгүй. Энэ бол ясны тариаланч хүний хийх ажил. Байгаа хөрөнгөө бүгдийг нь газарт булж, харанхуйгаар найдаж байгаа хүмүүс” хэмээн тэрбээр ажил мэргэжлийнхээ онцлогийг ярьсан. Тухайн жил ургац хэрхэн авахыг мэдэхгүй ч хангай дэлхийдээ харанхуйгаар найдагчид бол мянга мянган тариаланчид. Гэсэн ч тэд сэтгэл зүрхээ зориулан, хөлс, хүчээ шингээн, байгаль эхийн хайрласан буян хишгийг ард түмэндээ хүргэдэг ажилдаа үргэлж сэтгэл хангалуун байдаг.