Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдаж байсан Монголын иргэн Шаарийбуугийн Алтантуяаг хороох захиалгыг Малайз улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак 2006 онд өгсөн гэж аллагыг үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй Азила Хадри мэдүүлсэн байна. Мөн захиалга өгсөн хүмүүсийн нэг нь экс Ерөнхий сайдын ойрын холбоотон Абдул Разак Багиндаг гэжээ.
Энэ талаарх мэдээлэл урьд өмнө хэвлэлүүдээр цацагдаж байсан ч 2004-2009 оны хооронд Малайз улсын шадар сайд, 2009-2018 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Нажиб Разак эрс үгүйсгэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Захиалгын дагуу Монгол улсын иргэний аллагын хэргийг гүйцэтгэсэн гэх Азила нь Сирул Азар Умар гэгчийн хамт Шаарийбуугийн Алтантуяаг буудаж хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Ш.Алтантуяагийн амийг хороох үедээ гэмт этгээдүүд цагдаагийн тусгай албанд ажилладаг байсан бөгөөд улс төрийн өндөр албан тушаалтнуудыг хамгаалах үүрэгтэй байжээ. Азила 2009 онд хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож хамтрагчийн хамт цаазаар авахуулах ял сонссон юм. Түүний мэдүүлснээр Азилад тушаал өгсөн эрх мэдэлтнүүд Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг гадаадын тагнуул, Малайзын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа тул баривчилж устга гэсэн даалгавар өгсөн гэжээ.
Гэмт этгээд тухайн үед шадар сайд байсан Нажиб Разакаас гадаадын тагнуулыг баривчилж, устга гэдэг нь ямар утгатай юм бэ гэж асуухад буудаж хороо гэж хэлсэн байна. Мөн хоолойг нь огтол гэж экс Ерөнхий сайд хэлснийг 43 настай Азила ярьжээ.
Энэ талаарх мэдээллийн Malaysiakini цахим мэдээллийн санд нийтэлж, баталгаажуулсан байна.
Үргэлжлүүлэн үүрэг даалгавар өгөхдөө Алтантуяаг хөнөөснийхөө дараа цогцсыг нь дэлбэлж, ул мөргүй болго, тагнуул учраас анхаарал болгоомжтой байгаарай гэж захижээ. Бусдын гарт амиа алдах үедээ хохирогч Алтантуяа бие давхар байсан юм. Аллагын гэмт хэргийг хамтран гүйцэтгэсэн 47 настай Сирул 2014 онд батлан даалтад байхдаа Австрали руу зугтаж, тэндээс орогнол хүссэн байдалтай саатуулах төвд байгаа ажээ.
Азила хэргийн талаарх бүх мэдээллийг олон нийтэд дэлгэх болсон нь Ш.Алтантуяагийн аллагын хэргийн талаарх үнэн бодит мэдээллийг ил болгохыг хүссэн гэжээ. Нажиб Разактай хамт захиалга өгсөн Абдул Разак нь Малайзын нэр хүндтэй улс төрийн шинжээч бөгөөд 2006 онд уг хэрэгт холбогдож байсан юм. Гэвч тэр Алтантуяатай дотно харилцаатай байсан тул түүнийг алах ямар ч үндэслэлгүй хэмээн хэргээ хамгаалсан. Харин 66 настай Нажиб Разак хэзээ ч тэр бүсгүйтэй уулзаж байгаагүй гэж мэдүүлсэн байдаг.
Монгол улсын иргэн Ш.Алтантуяа хамгийн сүүлд 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Абдул Разакийн гэрийн гадаа харагдсан. Түүнийг машинтай авч явж Азила, Сирул нар амь насыг нь хороож, автомашинтай дэлбэлсэн. Уг хэргийг тухайн сарын 19-20-ны хооронд үйлдсэн гэж үздэг.
Эх сурвалж: www.straitstimes.com