Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 20 гаруй айл усанд автаж, хөлдөж, тэр хирээр амьдрах нөхцөл маш хүнд болоод байгаа талаар манай телевизэд мэдээлэл өгсөн. Мэдээллийн дагуу сэтгүүлч Т.Сайнбуян, Ж.Отгонсүлд нар газар дээр нь ажиллалаа
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо буюу Дарь-Эхээс 17-г холбосон шинэ гүүрний зүүн талын 20 гаруй айл энэ сарын 5-наас авахуулан усанд автаад байна. Шинэ гүүрийг барихдаа Сэлбэ голын урсацыг өөрчлөн далан байгуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн нэрийдлээр голын ундаргыг шороогоор дарснаас болж айл өрхүүдийн хашаа байшин гэрийн доороос ус ундарсан байна.
Тухайн айл өрхүүдийн хувьд 20 гаруй жил уг газарт амьдарч байх хугацаанд нь ундаргын ус нэвчиж орж ирдэггүй байжээ. Айл өрхүүд усанд автасны дараагаар хороо, дүүргийн удирдлагууддаа хандахад "та нарын хохь" гэж хэлсэн байна.
Ингээд хотын холбогдох хүмүүстэй уулзаж, геодези, усны барилга байгууламжийн газрын мэргэжилтнүүд газар дээр нь ирж танилцаад буруу зураг төслөөр гүүрийг барьж, усны ундаргыг өөрчлөн далан барьсан байна гэдгийг анх хараад дүгнэсэн гэдгийг айл өрхүүдийн төлөөлөл хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар айл өрхүүдийн гэр, байшин руу ус нэвчин орж гэртээ амьдрах боломжгүй байдалтай байгаа ба үр хүүхдүүдээ айл хунарт үлдээн өөрсдөө гэр орноо усанд автуулахгүйн тулд хөлдсөн мөсөө цохиж, урсацыг нь өөрчлөн байгаа гэнэ.
Өнөөдрийг хүртэл дээрх 20 гаруй айлд хороо, дүүрэг, холбогдох газрууд анхаарлаа хандуулахгүй бөгөөд тэдний зүгээс уг асуудлыг шийдэж өгөхгүй бол суулт зарлахаа хүртэл мэдэгдсэн юм.