Австрали улсад гарч буй ойн түймрээс зугтаж ахынхаа пикап загварын машиныг жолоодож, нохойтойгоо хамт зугтаасан 12 настай хүүг гал сөнөөгчид аварсан байна.
Перт хотоос хойшоо байдаг Могумбер тосгонд ассан ойн түймэр гэрт нь ойртох үед Люк Стуррок хүү ганцаараа байжээ. Гэртээ ганцаараа байсан хүү нохойгоо авч, машин жолоодож зугтаасан байна.
Хүүгийн аав Иван болон ах нь ойр орчимд гарсан түймрийг унтраахаар явсан байжээ. Хол байсан учир хүүдээ хэрэв түймэр гэрт ойртон ирвэл дөрвөн км-ын цаана байдаг жүржийн мод руу зугтаарай хэмээн захисан байжээ.
Гал сөнөөгчид түймэр унтрааж байгаад бяцхан хүү жолооны ард суусан байгааг харж түүнийг зогсоож тусалсан байна. Тэд фермер хүүг цагдаагийн газарт аюулгүй хүргэж, тэнд гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ. Ноён Иван Стуррок хүүдээ долоон настайгаас нь хойш хэрхэн жолоо барихыг заасан бөгөөд нохойтойгоо хамт эсэн мэнд гарч чадсанд маш их бахархаж байна гэжээ.
Австралийн түймэр баруун болон зүүн нутгаар тархаж, Перт хотын хойд хэсэгт зургаа хоногийн турш түймэр асч, гал сөнөөгчид тэмцэж байна.
Өнгөрсөн есдүгээр сараас хойш Австрали улсад ойн түймрийн улмаас зургаан хүн түймэрт амиа алдаад байгаа юм. Томоохон хотууд түймрийн утаанд дарагдсан ба 700 гаруй айлын гэр шатжээ. Өнгөрсөн долоо хоногт Сидней хотод агаарын бохирдол эрүүл мэндэд аюулгүй хэвийн хэмжээнээс 22 дахин нэмэгдсэн.
Улс орон даяар агаарын температур цельсийн 40 хэмд хүрч байгаа бол энэ долоо хоногийн төгсгөлд Сидней хот орчимд агаарын температур цельсийн 46 хэмд хүрч халахыг цаг уур судлаачид анхаарууллаа.
Эх сурвалж: www.bbc.com