Японы алдарт сакура буюу интоорын мод жил бүрийн хавар цэцэглэж хоёр долоо хоногийн турш аялагч жуулчдын очих дуртай газруудын нэг болдог. Гэтэл энэ хавар цэцэглэсэн сакура намар дахин цэцэглэсэнд япончууд ихэд гайхаж байна.
“Weathernews” цаг агаар судалдаг компанийн мэдэгдсэнээр 300 гаруй хүн интоорын мод цэцэглэж байхыг харсан гэдгээ гэрчилжээ. Цаг уур судлаачид далайн хар шуурга цаг уурын урсгалыг өөрчилснөөр хавар цэцэглэдэг мод намар дэлгэрсэн байж болзошгүй гэж үзсэн байна.
Интоорын модны навчис ургалт нь зогссон үедээ нахиалдаг. Гэвч энэ жил хүчтэй далайн шуурганаас болж модод навчсаа хаяж, цагаасаа өмнө дэлгэрсэн байж магадгүй гэж Японы Цэцгийн холбооны мод эмчлэгч ярьжээ. Түүнчлэн хар салхины дараа цаг агаар огцом дулаарсан нь сакураг цэцэглүүлсэн байж магадгүй гэлээ.
Энэ намар цэцэглэсэн интоорын модод ирэх хавар цэцэглэхгүй гэжээ. Тиймээс ирэх хавар Японд сакура урьд өмнөх шигээ ихээр дэлгэрэхгүй гэнэ.
Өнгөрсөн зун, намар Японы нутаг дэвсгэрийг хэд хэдэн удаа далайн хар салхи дайран өнгөрснөөс хамгийн хүчтэй нь Жеби байсан юм. Жеби хар шуурганы улмаас 10 гаруй хүн амиа алдсан.
Эх сурвалж: www.bbc.com