СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-12-16

З.Баянсэлэнгэ: Хамтын шийдвэр гаргасан Засгийн газраас ганцхан намайг сугалж, яллагдагчаар татсанд гомдож явдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Тодруулбал, түүнийг сайдаар ажиллах хугацаандаа албан тушаалаа ашиглан “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 223 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн хэрэг үүсгэн шалгасан байдаг.

Түүнчлэн хэрэг шалгах явцад өмгөөлөгч болон шүүгчээ удаа дараа сольсон, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан гэх үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-З.Баянсэлэнгийн гэх хэрэг дөрвөн жил хууль шүүхээр үргэлжиллээ. Таныг ямар хэргээр шалгагдаад байгааг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ та энэ хэргийг үнэхээр үйлдсэн эсэхээс яриагаа эхэлье?

-Авлигатай тэмцэх газраас “” хэмээн шалгаж эхэлсэн. Тэгэхээр 223 айлын орон сууц гэж юу вэ, тухайн үед ямар процесс болсон бэ гэдгийг яръя. Би тус яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа хот, хөдөө нийлсэн 1500 өрхийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулсан. “Буянт-Ухаа II”-ийг үүнд дурдаж болно.

Хамгийн сүүлд БХБЯ, Сангийн яам, Төрийн орон сууцны корпорац нийлсэн ажлын хэсэг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх судалгаа хийсэн. Тухайн үед гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн VII хороонд “Хангай” хотхон баригдаж байсан. Засгийн газрын захиалгаар гүйцэтгэгч “Бэрэн” группийн орон сууцнаас 223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр худалдаж авах боломжтой гэсэн тооцоог Сангийн яам гаргаж, манай яаманд саналаа хүргүүлсэн байдаг.

Тэр ажлын хэсгийн гаргасан төслийг би хуульд заасан үүргийн хүрээнд Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан. Тухайн үед Засгийн газрын 19 гишүүний 16 нь хуралд оролцож, 82 хувийн ирцтэй төслийг танилцуулсан гэсэн үг. Засгийн газар хамтын шийдвэр гаргадаг, олонхын саналаар асуудлаа шийддэг учраас тус төсөл батлагдах эсэх нь надаас шалтгаалах зүйл биш. Тус хуралдаанаар “Бэрэн” группээс 223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр худалдаж авах ажлыг зохион байгуулахыг надад даалгасан.

Мөн дээрх 15 тэрбум төгрөгийг “Хаан” банкны векселиэр баталгаажуул гэдэг үүргийг Сангийн сайд Б.Болор надад өгсөн. Үүнээс үүдэн намайг тус тогтоолыг гаргуулсан, батлуулсан, Засгийн газрын хуралдааны дэг зөрчиж, хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэдэг асуудлаар эрүү үүсгэн шалгаж эхэлсэн. Одоо хүртэл энэ асуудал шийдэгдээгүй гурван жил өнгөрч байна. Хамтын шийдвэр гаргасан засгийн газраас ганцхан намайг сугалж яллагдагчаар татсанд гомдож явдаг.

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг та давж заалдсан байх аа? 

-Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс надад торгуулийн ял оноож, төрд ажиллах эрхийг хоёр жилээр хассан. Засгийн газрын худалдаж авсан 223 айлын орон сууцыг мэргэжлийн бус хоёр хүнээс бүрдсэн гурван шинжээчтэй хувийн үнэлгээний байгууллага үнэлсэн байсан. Тэдний дүгнэлт 15 тэрбумаас зөрүү гаргаж ирсэн. Дээрх зөрүүг З.Баянсэлэнгэ гэдэг хүний улсад учруулсан хохирол гэж үзсэн.

Би давж заалдаж, Дээд шүүхэд хандсанаар хэрэг буцсан. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх Авлигатай тэмцэх газартай хамтран ажилладаг хувийн үнэлгээний байгууллагын гаргасан хохирлыг бодитой хохирол биш гэж үзсэн. Тэгээд хэрэг буцаагдаж, дахин шалгагдах явцад төрийн нууцын зэрэглэлтэй төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн .

Энэ үед би Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд “Ямар ч хамааралгүй Төрийн банкны хэргээс миний хэргийг тусгаарлаж өгнө үү”, “Гэрчээр оролцогчдыг шүүх хуралдаанд байцаалт өгүүлэх тал дээр ажиллаж өгөөч” гэсэн хүсэлт удаа дараа гаргасан. Үнэхээр хүмүүс гэрч гэж байцаалт өгсөн нь үнэн л юм бол шүүх хурал дээр ирж, үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой. Харамсалтай нь хүсэлтийг минь хүлээж аваагүй. Түүгээр зогсохгүй ямар ч гэрчгүйгээр шүүх хурал явуулах гэж үзсэн. 

-Таныг эрүүгийн хэрэг хянан, шалгах ажиллагаанд саад учруулсан гэдэг үндэслэлээр 48 хоног цагдан хорилоо. Та үнэхээр санаатайгаар шүүгч, өмгөөлөгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан уу? 

-Миний хувьд хийсэн хэрэг байхгүй, тэр гээд буруутгах үндэслэл байхгүй байхад гурван жил шалгаад эцэст нь өмгөөлүүлэх эрхээ эдлэх гэсний минь төлөө цагдан хорисон. Би хувийн батлан даалтад авах, таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан. Гэтэл шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн маш том зөрчлүүд гаргасан. Тийм учраас өмгөөлөгч Б.Халиун маань “Битгий ийм процессын алдаа гаргаач ээ” гэдэг хүсэлт гаргасан.

Удаа дараа дээрх хүсэлтийг нь биелүүлээгүй учраас өмгөөлөгч маань шүүх бүрэлдэхүүнээс мөн Чингэлтэй дүүргийн шүүхээс татгалзсан. Шүүх бүрэлдэхүүн энэ татгалзлыг хүлээж авахгүй хоорондоо маргалдсан болохоор шүүх хурал дээр өмгөөлөгч надад хандаж “З.Баянсэлэнгэ ээ, би энэ хэрэг дээр цаашид ажиллаж чадахгүй. Яагаад гэвэл шүүхээс надад өмгөөлөл хийх эрх зүйн орчин бүрдүүлж өгөхгүй байна. Тиймээс би үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж чадахгүй нь. Үүнээс цааш өөрөө асуудлаа шийд” гэсэн.

Нэгэнт гурван жил хамт явсан өмгөөлөгчөөсөө татгалзана гэсэн бодол надад байгаагүй. Үүний дараа тус шүүхээс “Чамайг өмгөөлөгч авах эрхээр хангая, харин таслан сэргийлэх арга хэмжээг чинь өөрчилж, цагдан хорино” гэсэн тогтоол уншсан.

-Хэний ч очихыг хүсдэггүй тэр газарт ийм олон хоног хоригдоход танд элдвийн зүйл бодогдсон байх? 

-Монгол Улсын иргэн хэн ч байсан шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн хүссэн өмгөөлөгчийг авах, өмгөөлөх эрхээ эдлэх, өмгөөлөгчөөсөө татгалзах эрхтэй. Энэ эрхээ эдлэе гэсний төлөө намайг цагдан хорьсон. Дээрх үйлдэл нь Үндсэн хуулийн өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр. Би шүүх хуралд оролцохдоо цагдан хорих шийдвэр гарна гэж төсөөлөөгүй.

Гэтэл шүүх хурлаар цагдан хорих тогтоол уншиж шууд цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан. Өөрөөр хэлбэл, би өмгөөлөгч авах бололцоо хаагдмал орчинд, эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд орсон. Эрх чөлөөгүй тэр дөрвөн хананы дунд 48 хоног байна гэдэг эмэгтэй хүн бүү хэл эр хүнд ч хэцүү. Тэнд байхад маш их зүйл бодогддог юм байна лээ. Цаг хугацаа ч явж өгөхгүй. Амьдрал дээр цаг хугацаа буцалдаг байхад тэнд өдөр, шөнө яасан уртыг, тэр бүү хэл салхи гэж юу байдгийг анх удаа л мэдэрсэн.

Нарлагаанд гарах хэсэгхэн хугацаанд өмнө нь анзаарч байгаагүй бүхнээ олж хардаг санагдсан. Салхилж байгаа салхи ямар эрх чөлөөтэй юм бэ. Бид халуун, хүйтэн, хүчтэй гэж салхийг олон янзаар боддог. Гэвч салхи хаа сайгүй сэлгүүцэж, хэнээс ч хамааралгүй зугаалж чадаж байсан болохоор өөрийн эрхгүй атаархсан. Нийгмийн амьдрал,орчноос тасарна гэдэг үгээр хэлэхийн аргагүй хүнд байдаг юм байна лээ.

-Та 48 хоног хоригдсон. Тус газрын орчин, нөхцөл ямар байсан бэ? 

-Хорих анги ямар байдаг билээ. Яг л тийм нөхцөлд байсан. Аяга багтах хэмжээний жижигхэн, сараалжин цонхоор хоол, цай авч 24 цагийн камерын хяналтан дор байсан. Тоотой хэд онгойдог хаалганы тачигнасан дуу чимээ, өдөр шөнөгүй асаалттай байдаг гэрэл, цаг үргэлж овог нэрээр дуудаж бүртгэх гээд дурдвал унтаж амрах боломжгүй, бэрхшээл олон байсан.

Ер нь өмгөөлөгчтэй уулзах, нарлагаанд гарахад л онгойдог бусад үед цоожтой байдаг давчуу өрөөнд нэг хоноход ч хэцүү. Хэдийгээр ял аваагүй, цагаадаж гарах боломжтой гэдэг утгаараа хоригдлоос арай өөр хоол өгдөг боловч ихэвчлэн адууны гэдэс дотор, дайвар бүтээгдэхүүн иднэ. Би тэр үед ходоодны шархтай, эмчилгээ хийлгэж байсан болохоор хэлмэгдэж хоригдохын хажуугаар эрхтэн системийн өөрчлөлтөд орох вий, өвчин сэдрэх вий гэсэн болгоомжлол, айдастай байсан. Хорих ангийн эмнэлэгт хэвтэх тухай санал эмчээс хэд хэдэн удаа ирсэн.

Гэвч улс төрийн хэрэгт холбогдсон бүхэн эмнэлэгт байгаа гэдэг болохоор элдэв шалтаг тоочиж, эмнэлэгт хэвтэхийг хүсээгүй. Энэ бол миний үзэж, туулах ёстой саад бэрхшээл гэж бодоод тэвчсэн. Ийм хүнд нөхцөл байдалд хоригдсон болохоор “Энэ газар дахиж орохгүй юмсан” л гэж бодогдож байна. Долоо буудуулсан чоно шиг хашир болдог юм байна. 

-Бие өвдөх нэг хэрэг. Гэтэл сэтгэлзүй гэдэг хянахад түүнээс хэцүү зүйл. Сэтгэлээр унаж байв уу? 

-Миний хоёр хүүхэд ээжийнхээ тэмцэл, улс төрийн замналыг мэддэг болохоор, мөн өмнө нь ч хоригдож байсан болохоор энэ хэрэгт шалгагдаж байх хугацаандаа баригдаж, хоригдож магадгүй гэдгээ захиж хэлж байсан. Хүүхдүүдээ сэтгэлийн хаттай, тэвчээртэй байхыг захиж байсан болохоор ч тэр үү сэтгэл санаа харьцангуй гайгүй байсан. Мөн тэнд хоригдож байсан бүсгүйчүүд “Улс төргийн хэргээр анх удаа та орж ирлээ.

Таныг их хүндэлж явдаг шүү тэвчээртэй байж байгаад үнэн ялахад заавал гараарай, таныг их дэмждэг шүү” гэж хүч өгч байсан. Гэр бүлийнхэн маань ч “Өвдөж, турж болохгүй шүү, хүчтэй байгаарай” гэж урам зориг өгч байсан. 

Энэ тухай "Үндэсний шуудан" сонины өнөөдрийн (2019.12.16 №245 3456) дугаараас уншаарай. 

Г.Ган-Эрдэнэ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.