Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад сонгуулийн хуулийн талаар нэгдсэн шийдвэрт хүрсэн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр МАН-ын Удирдах зөвлөл ирэх УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулна гэж тогтжээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сонгуулийн тогтолцоог дүүрэг, аймаг олон гишүүнтэй томсгосгосон тойрог байхаар тогтсон. Одоогийн 26 тойрог, нэр дэвшигчид нь нэг тойрог дээр өрсөлдөнө гэсэн үг. Намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх талтай. Гэхдээ улс орныхоо ирээдүйг бодвол илүү зөв тогтолцоо. Аймгаа, дүүргээ бүхэлд нь харж хөрөнгө оруулалтаа хийх, жижиг тойрог руу зулгаадаг хөрөнгө оруулалт нэгтгэгдэх сайн талтай. Улс орны том хөгжлийн бодлого ярихад ч том тойрог хэрэгтэй.
-Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлэг заавал дагах ёстой юу?
-Ер нь намын Удирдах зөвлөлөөс гаргаж байгаа шийдвэр бол даалгавар байдаг. Тиймээс Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагах ёстой.