С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шийтгүүлсэн Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг "Хэрэгт шинээр нөхцөл байдал үүссэн учир хэргийг үнэн зөвөөр нь шийдэх ёстой болоод байна" хэмээв. Мөн тэрээр,
-Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн талаар худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Энэ хүнд шуналын сэтгэл байжээ. Засгийн газраас 500 сая төгрөг авъя гэж бодсон. Мөн, Б.Содномдаржаагийн хүүхдүүд эргэлтээр ирэхийг хараад их өрөвдсөн гэсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Иймд Улсын дээд шүүхэд дүгнэлт гаргаж өгөөч гэсэн өмгөөлөгч нараас хүсэлтийг тавьсан. Хэрэв бидний гомдлыг үндэслэлтэй байна гэж Улсын дээд шүүх үзэх юм бол 30 хоногийн дотор хэлэлцэх эрхтэй байсан. Гэтэл УДШ-ийн шүүгч Ц.Зориг даргалаад орсон учир эрх хязгаарлагдаж, хохирсон байдалд байна. Тиймээс дахин УДШ-д хугацааг сэргээж өгөөч гэж гомдол гаргасан.
Тухайн үед хэргийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хийсэн. Эмэгтэй нь эрэгтэйгээсээ махлагдуу, хүнд алхаатай байсан гэдэг. Гэтэл Т.Чимгээ энэ хоёр хүнээс 20см-ээр намхан хүн шүү дээ. Цорын ганц амьд гэрч Б.Булганыг шүүх хуралдаанд оруулаагүй. Б.Булган таньж мэдүүлэх ажиллагаанд ороод "Энэ хүмүүс алуурчин биш" гэж хэлсэн учир шүүх хуралд оруулаагүй юм билээ.