Шүүгчдэгч Б.Махбал нь 2018 оны наймдугаар сард Зам, тээврийн хөгжлийн яаманд газрын даргаар ажиллаж байх үедээ хамт ажилладаг хүнээ хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдож, цагдан хоригдсон билээ.
Гэвч маш олон гэрчтэй, холбогдогч нь илт тодорхой уг хэргийг шүүхээр таслан шийдвэрлэх ажиллагаа сунжирсаар нэг жил дөрвөн сарын хугацааг өнгөрүүлээд байна. Өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд шүүхээс “Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлж ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Ингэснээр уг хэрэг дахин сунжирч шүүхээр таслан шийдвэрлэх хүртэл дахин нэлээдгүй хугацааг өнгөрүүлэх нь тодорхой боллоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т “Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэсэн заалтыг үндэслэн Б.Махбалын хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл суллах нөхцөл байдал бий болоод байна.
Хэрвээ 2020 оны хоёрдугаар сарын 10-аас өмнө Б.Махбалд холбогдох хэргийг шүүхээр таслан шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Б.Махбал цагдан хорионоос суллагдах нь тодорхой юм.