Шинэ Зеландын Цагаан арлын галт уул дэлбэрч 16 хүн амиа алдаж, хоёр хүн одоог хүртэл сураггүй хэвээр байгаа юм. Галт уул оргилсноос хойш долоо хоногийн дараа улс орон даяар минутын хугацаанд дуугаа хурааж эмгэнэл илэрхийлжээ.
Цагаан арал дээр өнгөрсөн даваа гарагт өдөр 14 цаг 11 минутад гал уул оргилсон дохио ирсэн тул өнөөдрийг яг энэ цагт дуугаа хурааж хохирогчдод хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийлсэн байна.
Дэлбэрэлтийн улмаас 20 орчим хүн түлэгдэж, хүнд байдалтай шархдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Сураггүй хэвээр үлдсэн хоёр хүн арлын орчимд усан доор цогцос нь байж магадгүй гэж таамаглажээ.
Ням гарагт аврагч, эрэл хайгуулын багийнхан Цагаан арал буюу маоричуудын Вакаари хэмээн нэрлэдэг арал руу буцаж усан доогуур хайлт хийсэн боловч хоёр хүний цогцсыг олоогүй байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж өнөөдөр болтол хайгуулыг түр зогсоожээ.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн Инстаграм хуудсандаа эмгэнэл илэрхийлсэн байна. Түүний удирддаг Засгийн газрын танхимд ч мөн эрх баригчид дуугаа хураажээ.
Шинжээчид, мөрдөгчид одоогоор олдсон 16 хүний цогцсыг таниулж эхэлсэн бөгөөд эхний цогцос Австралийн 21 настай иргэн Кристал Ийв Бровитт болохыг мэдэгджээ. Бусад хүмүүсийн мэдээллийг хурууны хээ, хувцас хунар, тэдний биедээ авч явсан эд зүйлс зэргээс цуглуулж байна.
Цагаан арал дээр галт уул дэлбэрэх үед 47 хүн аялж байсны 24 нь Австрали, ес нь Америк, таван Шинэ Зеланд, дөрвөн Герман, Хятадын хоёр, Их Британийн хоёр, Малайзын нэг иргэн байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com