Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн ГХЯ-нд өнөөдөр эхэллээ. Хоёр жил тутамд зохион байгуулагдах учиртай зөвлөгөөн 2015 оноос хойш тасраад байсан юм.
Зөвлөгөөнийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаатай болоход хоёрхон улс үлдээд байна. Мөн Олон улсын 70 гаруй байгууллагад элсч, хоёр талын 1222 гэрээ хэлэлцээр байгуулж, 287 олон талт ОУ-ын гэрээнд нэгдэв" хэмээгээд, хилийн чанадад оршин суугаа 175 мянга гаруй монгол иргэний эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжиж, бүхий л тусламжийг үзүүлж ажиллах, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг ДТГ-ын тэргүүн нарт захив.
Монгол улс 2019 оны байдлаар дэлхийн 16 улсад монгол хэл, соёлын 48 сургууль байгуулж, 2016-2019 онд гадаадын 14 улстай визгүй зорчих хэлэлцээр байгуулжээ.
ДТГ-ын тэргүүн нарын зөвлөгөөн ГХЯ-нд өнөөдөр өндөрлөөд, хөтөлбөрийн дагуу пүрэв гараг хүртэл үргэлжилнэ.