Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд 412 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 амь нас хохирсон байна.
Бямба гарагт 16.15 цагийн орчим Архангай аймаг Цахир сум Цахир баг “Солонготын даваа” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 37 км-т/ шороон замд Nissan Juke маркийн И жолоочтой автомашин онхолдож, жолооч 34 настай эрэгтэй И, зорчигч 43 настай эрэгтэй М нарын 2 хүн нас барсан.
Мөн тус өдөр 09.00 цагийн орчим БЗД-ийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчооны замд Toyota Prius-20 маркийн автомашин онхолдож, жолооч 38 настай, эрэгтэй Г нас барсан.
Ням гарагт 09.23 цагийн орчим СБД-н 14 дүгээр хороо Чингэлтэйн өргөн чөлөө, 6-н буудлын замд Toyota Corolla маркийг автомашины жолооч Э нь явган хүний гарцаар гарч байсан 2 настай, эмэгтэй А, 4 настай, эмэгтэй Б, 25 настай эмэгтэй Э нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой ослууд бүртгэгджээ.
Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.