СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-14

Америкийн ерөнхийлөгч твиттерт худал жиргэдэг цаг үед бид амьдарч байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв ХБНГУ-ын “Дойче Велле” академитай хамтран сэтгүүлчдийг олон нийтийн сүлжээнд тавигдаж буй мэдээллийг нягтлан шалгах сургалтад хамруулж буй юм. Энэ сургалтад Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын 20 орчим сэтгүүлч хамрагдаж байгаа. Сэтгүүлчид ирэх сонгууль хүртэл хуурамч мэдээллийг нягтлан шалгахын зэрэгцээ түүнийхээ мөрөөр мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэж ажиллана. Анхны сургалт өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр болсон бол хоёр дахь нь өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн юм. “Дойче Велле” академийн редактор, сургагч багш Рэйчэл Ясмин Бэйг болон Конор Диллон нартай сургалтын үр дүн болоод баримт нягтлах зайлшгүй шаардлагын талаар ярилцлаа.

-Монголын сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа. Сургалт хэр үр дүнтэй болсон гэж бодож байна вэ?

Конор Диллон: -Сэтгүүлчид богино хугацаанд маш том ахиц дэвшил гаргалаа. Сургалтын эхний өдрийн мэдээллийн хайлт, өнөөдрийн үр дүн хоёрыг харьцуулахад тэнгэр, газар шиг зөрүүтэй байна. Хүлээлтээс давсан сургалт боллоо. Сургалтын төгсгөлд мэдээллийг баталгаажуулах даалгаврыг сэтгүүлчдэд өгөхөд гүйцэтгэлийн үр дүн манай академийнхан яаж ажилладаг, яг тэр хэмжээнд байсан. Мөн сэтгүүлчид маш бүтээлчээр ажиллалаа. Тухайлбал, сидней хотын агаарын бохирдлын талаарх мэдээллийг шалгаж, зураг, бичлэг,тухайн газар байгаа хүнийг олж, мэдээллийн хөтөлбөрөөр гаргахад бэлтгэх даалгавар өгөхөд сэтгүүлчид австралид байдаг монголчуудын фэйсбүүк группээс хүн олж, зураг авсан байсан. Мөн тэнд байгаа хүнтэй холбогдон бичлэг хийсэн хүн ч байлаа. Бүтээлч байдлаар мэдээллийг олж байсан нь гайхалтай санагдсан.

Рэйчэл Ясмин Бэйг: -Сургалт төсөөлж байснаас илүү үр дүнтэй байлаа. Өмнөх сургалтад сэтгүүлчид зураг, бичлэгийг жинхэнэ, хуурамч эсэхийг нягтлан, шалгаж байсан. Энэ удаагийн сургалтаар мэдээж ахиц дэвшил гарна гэж бодож байсан ч хүлээлтээс хэд дахин илүү байв. Тухайн зургийг анх цахим орчинд оруулсан хүнтэй холбогдож, газар зүйн байршлыг нь хүртэл олсон. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй орон нутгийн сэтгүүлчид суртал, ухуулга, худал мэдээллийг ялган таних хэмжээнд бэлтгэгдэж байгаа нь их чухал санагдлаа.

- Сэтгүүлчид баримтаа нягтлан шалгаж байж нийтлэлээ бэлтгэдэг. хэвлэл мэдээлийн байгууллагад баримт нягтлан шалгагч заавал байх ёстой юу?

К.Д: -Баримт нягтлан шалгагч заавал байх ёстой. Олон нийтийн сүлжээнд нэг пост гарснаар аливаа зүйл эхэлдэг. Манай баримт нягтлан шалгах сургалтад суусан хүмүүс мэдээллийг арай өөрөөр хүлээж авдаг болдог. Сургалтад суугаагүй хүмүүс худал зүйлд шууд итгэх нь элбэг. мэдээллийг нягтлан шалгахгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацчих юм бол өнөөх нь худлаа байвал уншигч, ард түмэн тухайн байгууллагад итгэх итгэлээ алдана. Итгэл байхгүй бол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх хэрэггүй болж байгаа юм.

Р.Я: -редакц болгонд заавал баримт шалгах алба, баг байх шаардлагагүй. Баримт шалгах, нягтлах бол сэтгүүл зүйн нэг үүрэг. Сэтгүүлч бүр, сэтгүүл зүйн байгууллага болгон баримт нягтлан шалгах сургалтад хамрагдаж, баримтыг шалгаж чаддаг байх ёстой. Олон үйл явдал эхлээд цахим орчинд мэдээлэгдэх болсон. Үүний дараа мэдээллийн хэрэгслээр гартлаа багадаа 4-5 цаг зарцуулдаг. Сэтгүүлчийн хувьд мэдээллийг цахим орчноос олж авах нь илүү хурдан. Гэхдээ түүнийгээ нягтлахгүй бол болохгүй. Мөн улс төрчид цахим орчинг сүүлийн үед их ашиглах болсон. Ялангуяа, сонгуулийн өмнө улс төрчид үүнийг ашиглаж, худал мэдээллээр ард түмний толгойг угаах гэж оролддог. Тэгэхээр сэтгүүлчид үүнийг олж, танихын тулд мэдээллийг нягталж, баримтжуулж, баталгаажуулж ажиллах нь зүйтэй.

- Манайд баримтыг нягталж, шалгадаг албан ёсны мэргэжилтэн байдаггүй. Анх удаа ийм сургалтад хамрагдаж байгаа хүмүүс нь магадгүй сэтгүүлчид байх. Олон улсад хэвлэл мэдээллийн байгууллага дэргэдээ ийм алба, мэргэжилтэнтэй байдаг уу?

К.Д: -дэлхий дээр ийм чиглэлийн, зураг, бичлэгийн хуурамч эсэхийг шалгадаг мэргэжилтнүүд бий. Би твиттерт тийм хоёр мэргэжилтэнг дагадаг. тэд юу үзэж, ямар зүйл нягталж байна гэдгийг тэндээс олж хардаг. Энэ бол өөрөө маш хурдан өөрчлөгдөж байдаг салбар. Хуурамч зүйл бэлтгэж хүмүүс ч мөн арга барилаа өөрчилж, сайжирч байдаг. Түүнийг олж илрүүлдэг хүмүүсийн арга техник нь ч сайжирч байгаа. Хүн нэг удаа сураад мэргэжилтэн болохгүй. Дахин дахин сурах, сурсныгаашинэчлэх хэрэгтэй.

Р.Я: -манай “дойче велле” академи олон нийтийн сүлжээ гэсэн хэлтэстэй. Манай хэлтсийнхэн бүгд энэ сургалтад хамрагдсан. Үүнээс гадна энэ хэлтсийн үүрэг бол сэтгүүлчдийг энэ чиглэлээр сургах. манай академийн мөн нэг үүрэг нь сургалтын үйл ажиллагаа. Манайх хоёр жилийн өмнөөс энэ сургалтыг сэтгүүлч бэлтгэх хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг болгосон. Энэ хүрээнд баримтыг нягталж, шалгах сургалтыг маш чухал гэж үзээд энэ жил таван улсад сургалт явуулж байгаа.

-Монголчууд олон нийтийн сүлжээнд маш идэвхтэй. Ингэхдээ хэт нэг талыг барих хандлага ажиглагддаг. Та бүхний нүдээр Монголд ямар салбарын мэдээллийг түлхүү нягтлах шаардлагатай байх шиг байна вэ?

Р.Я: - миний бодлоор улс төрийн сэдэв дээр түлхүү анхаарах хэрэгтэй. Учир нь улс төрчид л тодорхой үзэл санааг үүсгэх гэж мушгиж, гуйвуулсан мэдээлэл гаргадаг. Энэ салбарын мэдээллийг эхлээд шалгах хэрэгтэй. Ингэхдээ гадаадуудыг үзэн ядах, цөөнхийг гадуурхах гэх мэт байдлаар илэрдэг. Аливаа зүйлд шүүмжлэлтэй хандаж, тэр дор нь итгэхгүй, ямар зорилгоор энэ мэдээллийг цацаж байгааг бодох хэрэгтэй. Ийм бодлыг хүн бүрт суулгаж өгөх нь нэн тэргүүнд шаардлагатай. мэдээлэлд шууд итгэхээсээ илүү эргэлзэж, асууж, шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.

К.Д: -меме гэдэг зүйлийн эсрэг тэмцэх хэрэгтэй. меме гэж зураг тавиад, түүнийхээ доор хүнийг өдөөн хатгасан, тухайн хүний үзэл бодолд нөлөөлөх зорилготой зүйлс бичсэнийг хэлээд байгаа юм. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Швед охин грета тунбергийн усан онгоц дээр байгаа зургийг олон нийтийн сүлжээнд тавиад “хар л даа, энэ байгаль дэлхийг хамгаална гэдэг мөртлөө өөрөө SO2 хамгийн их ялгаруулдаг усан онгоцоор явж байна. өөрөө ийм байж, надад заах юм гэнэ ээ” гэдэг меме гарсан. энэ бол хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөх тодорхой зорилготой байдаг. Үүний эсрэг зөв тэмцэх ёстой. Зураг дээр эх сурвалж байхгүй, ямар нэгэн зорилгогүй юм шиг мөртлөө энэ нь хамгийн аюултай.

-“Дойче велле” агентлаг маш олон төрлийн мэдээллийг нягтлан шалгадаг гэсэн. Жишээ нь, зарим томоохон байгууллага худал мэдээлэл бэлтгэсэн байгааг хэлэхэд, та бүхэнд хариу өгөлгүйгээр мэдээллээ зассан байдаг тухай сургалтын үеэр ярьж байсан. Мэдээллийг нягтлан шалгаад гарсан хамгийн томоохон үр дүнгээ хуваалцаач?

Р.Я: -Brexit буюу их Британи европын холбооноос гарах эсэх талаар олон нийтийн санал асуулга явуулахад олонх нь гарахаа илэрхийлсэн үйл явдал болсон. Тэр санал асуулга явуулсан өдөр хүмүүс энэ асуудал олонхын санал авахгүй гэсэн байр суурьтай байсан юм. Тэгсэн олонх нь европын холбооноос гарах санал өгсөн. Энэ үр дүнг бид гайхаад, судалгаа хийж үзсэн. гэтэл санал асуулгын өмнө олон нийтийн сүлжээнд үүнийг сөргөөр тайлбарлаж, “энэ холбоонд байгаа нь байдал муу байхад нөлөөлж байна. Бид энэ холбооноос гарвал ийм их хэмжээний мөнгө хэмнэнэ. Энэ мөнгөө ахмадуудаа асрахад зориулж болно” гэх худал мэдээлэл цацсан. Санал асуулга болоод, олонх нь саналаа өгсний дараа л бид олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээлэл үүнд нөлөөлсөн гэдгийг судалж, олж мэдсэн. Өмнө нь энэ талаар хэн ч ийм байдлаар судалж үзээгүй байсан.

К.Д:  Өнөөдөр би дамерикийн ерөнхийлөгч твиттерт худлаа жиргэдэг цаг үед амьдарч байна. Трамп “германд гэмт хэрэг арван хувиар өсчихөөд байхад германчууд өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байж олон зүйл яриад байна” гэх агуулгатай зүйл бичсэн. Судлаад үзэхэд, германд гэмт хэрэг нэмэгдээгүй, харин ч сүүлийн таван жилд арван хувиар буурсан байв. Яагаад худлаа зүйл бичсэн талаар нь дуусашгүй маргаан өрнүүлж болно. Ямар ч байсан тэр хүн бичсэнээр маш олон хүнд хүрч байгаа. тэр постыг худлаа байсан шүү гэдгийг батлаад, хэлэх нь бидний үүрэг.

Эх сурвалж: Э.Эрдэнэцэцэг, "Үндэсний шуудан" сонин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.