Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсан. Гэвч ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар авч хэлэлцээд хүлээж аваагүй юм. Уг хуульд Хуульчдын холбооны эрхийг Өмгөөлөгчдийн холбоонд олгох зохицуулалтыг тусгаж өгчээ.
2011 онд батлагдсан Хуульчдын эрхзүйн байдлын тухай хуулиар Хуульдын холбоонд хуульчийн эрх олгох, шалгалт авах, үйл ажиллагаагаа буруу явуулбал лицензийг нь хураах эрхүүдийг төвлөрүүлсэн байдаг. Ингэхдээ дотор нь ангилаад шүүгч, прокурор, төрийн байгууллагуудын болон хувийн байгууллагуудын хуульч, өмгөөлөгч гэх мэтээр ангилаад зургаа дахь жилдээ ажиллаж байгаа юм.
Гэвч Өмгөөллийн тухай хуульд Хуульчдын холбоог татан буулгаж, дээрх эрхүүдийг нь Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэхээр тусгажээ.
Ийнхүү нэг холбоог татан буулгаад нөгөөд шилжүүлэх нь Хуульзүйн сайд Ц.Нямдоржийн ааш, аягийн л асуудал хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ХОРИГ тавьсан үндэслэлдээ дурдсан юм.
Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгч Хуульчдын холбоог, Хуульзүйн сайд Ц.Нямдорж Өмгөөлөгчдийн холбоог дэмжиж байгаа хэрэг аж.
Энэ талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч мөн байнгын хорооны хурал дээр саналаа хэлсэн байдаг.
Тэрээр,
-Хуульчдын холбоог татан буулгана. Хэдэн улс төрчдийн мөнгө цуглуулж тансагладаг газар болсон. Хуульчдын холбоо гэж УИХ-д нэр дэвших нэр усаа, тойргоо хүртэл гаргачихсан хэдэн хүний улс төрийн байгууллагаа болж хувирсан. Шүүгчид энэ холбооны ажилд оролцохгүй болоод гурван жил болж байна. Прокурорууд ч адилхан огт оролцохоо болиод хоёр жил болж байна. Цаашдаа ч оролцохгүй нь ойлгомжтой. Хуульчдын холбоо гэдэг энэ байгууллага чинь ямар ч ажил хийхгүй байгаа. Мөнгө цуглуулж тансагладаг. Хуулийн салбарт юу ч хийхгүй. Монголын түүхэнд гараагүй яргалал гарлаа. Энэ яргалалтын талаар Хуульчдын холбооноос нэг ч үг дуугараагүй. Өч төчнөөн өмгөөлөгчид өнөөдөр гудамжаар хүн зодож, дээрэлхэж байна. Тэдэнд нэг ч удаа Хуульчдын холбоо хариуцлага тооцсонгүй. Зарим нь хуралд ч ирдэггүй.
Хуульчдын холбоог би татан буулгах санал оруулж ирнэ. Уг нь салгалаад байж байг гэж бодсон юм. Гэтэл үймүүлээд болохгүй юм шиг байна. Дэлхийд ийм байгууллага байхгүй. Төрөөс хараат бус байх ёстой шүүх, прокурорыг төрийн бус байгууллагын дээвэр дор аваачин нэгтгэн захирч энэ дэглэмийг чинь бий болгосон. Нэг газраас бүгдийг нь удирдах гэж Хуульчдын холбоог байгуулсан. Ийм л зүйл... гэсэн юм.
Хэзээний эв түнжингүй ерөнхийлөгч Х.Баттулга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хоёр энэ удаад ч мөн түнжингүйгээ харуулав. Харин өмнө нь Х.Баттулгаас "уучлал гуйх" шүүхийн шийдвэр хүлээн авч ялагдаж байсан Хуульзүйн сайд энэ удаад ялав бололтой.
Ямартай ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй учир ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ялж Хуульчдын холбоог татан буулгаж, Өмгөөлөгчдийн холбоогоор солих нь. Гагцхүү хууль хэрэгжиж эхлэхээр хэнийх нь зөв байсан нь батлагдах биз ээ.