УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдэр гүйцэтгэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон. Нэгдсэн чуулганаас өмнө Хуульзүйн байнгын хороо хуралдаж, нэгдсэн шийдэлд хүрчээ. Дээрх хуулиудад тусгагдсан хэргийн хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлт олны анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ. Энэ талаар бид УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа.
Хуульзүйн байнгын хороогоор,
-“Хөөн хэлэлцэх хугацааг Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш яллагдагчаар татах хүртэл тоолно”,
-Мөрдөн шалгах хугацааг “Ерөнхий гэмт хэргийн хугацааг хоёр дахин үржүүлсэн байдлаар тодорхойлно” гэх зохицуулалтыг хуулинд тусгахад санал нэгдсэн.
Мөн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор одоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад байгаа болон хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин шинээр тоолох журмыг гаргахаар болсон. Уг зохицуулалтыг Эрүүгийн хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийг Хуульзүйн байнгын хороон дээр бэлтгэж байгаа юм.
Түүнчлэн прокурорын байгууллагад шилжсэн зарим хэргүүдийг мөрдөх байгууллага, эрх бүхий албан тушаалтнуудад шилжүүлнэ. Ингэснээр зөрчлийн болон эрүүгийн хэргийн үйл явцыг шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Үүнээс гадна тодорхой төрлийн зөрчлүүдийн хориглосон заалтуудыг нь Зөрчлийн хуулинд буулгана.
Шийдвэр гүйцэтгэлийн хуулинд төлбөрийг шуурхай барагдуулахтай холбоотой хэд хэдэн заалт мөн шинэ хуулинд орж байгаа юм.Тухайлбал, тэтгэмж төлөхөөс зайлсхийсэн этгээдийг баривчлах зохицуулалт орсон.