Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 2-ноос томоохон хүнсний сүлжээ дэлгүүр 151, 330 хүнсний худалдаа эрхлэгч, хүлээн авалт хийж буй томоохон 139 газар, ресторан, мах, өндөгний 39 үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж 532 зөрчил илрүүлж, 348 зөрчлийг арилгуулжээ.
Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, “Жүр үр” ХХК стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр 118 ширхэг бялуу тээвэрлэснийг илрүүлэн устгасан.
“Оргил” ХХК, “Алтан гадас”ХХК, “Тэнгэр” ХХК-ийн сүлжээ дэлгүүрээр 17 нэр төрлийн импортын бараа бүтээгдэхүүний хаяг, шошгын зөрчилтэй 354 ширхэг шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг буцаан татан авсан.
Түүнчлэн 127 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлэхэд Төв аймгийн “Морьт хангай” ХХК-ийн 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд үйлдвэрлэсэн “Морьтон” архинд шинжилгээ хийхэд спиртийн хэмжээ стандартын хэмжээнээс илүү гарсан тул архийг татан авсан. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр буюу элэгний үйл ажиллагаанд нөлөөлөх юм.
Нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байрлах 8 нэрийн дэлгүүрүүдээр “Мөнхжин”, “Хандгай” нэртэй архи худалдаалж байсныг илрүүлсэн. Уг архийг үйлдвэрлэдэг үйлдвэрийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан зөвшөөрөлгүй үйлдвэрлэдэг байсныг илрүүлэн зөрчлийг хэрэг нээсэн гэнэ. Уг архийг захын хорооллын айлуудад зарж байсан ажээ.
Мөн мах боловсруулах үйлдвэрүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг татан авч устгах ёстой байтал иргэн, аж ахуйн нэгжүүд нохой, гахайд өгнө хэмээн гэрээ байгуулан хямд үнээр худалдан аваад бусдад эргүүлэн зардаг байсан зөрчлийг илрүүлсэн.
Зөрчил илэрсэн 5 аж ахуйн нэгж, 12 иргэнийг 1145.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг хэрэг үүсгэсэн байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг, шошго, үйлдвэрлэсэн хугацааг харахаас гадна ил задгай газраас бараа бүтээгдэхүүн худалдах авахгүй байхыг сануулсан юм. Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж буй газрууд хүчин чадалдаа таарсан хүнийг хүлээн авахгүй бол хоол үйлдвэрлэлд стандартын хэмжээ алдагдсанаар хоолны хордлого гарч болзошгүй хэмээн анхааруулав.