Дэлхийн хамгийн том эдийн засагтай, хөгжлөөрөө тэргүүлж буй АНУ CEO буюу аливаа компани, албан байгууллагын гол ажлыг нугалдаг гүйцэтгэх захирал гэх албан тушаалтнуудыг чухалчилдаг. 2002 оноос хойш CEO нарын талаар судалгааг эрчимтэй явуулж буй Чикагод төвтэй Challenger, Gray and Christmas фирм өнгөрч буй 2019 онд хамгийн олон гүйцэтгэх захирал ажлаасаа халагдсан болон ажлаа хүлээлгэж өгсөн жил байсныг онцолжээ.
АНУ-д дэлхийд алдартай олон шилдэг байгууллага бизнес эрхэлдэг. Тэдгээрийн амжилт гүйцэтгэх захирлын албан тушаалтай салшгүй холбоотой нь маргаангүй. 2019 оны 1-11 дүгээр сарын хооронд Америкийн пүүс компаниудын 1,500 орчим CEO албан тушаалаа орхисныг судалгаагаар харуулсан байна. Энэ нь өнгөрөгч оноос 12 хувиар өссөн дүн аж. Судалгааг 10-аас дээш ажилтантай, хамгийн багадаа хоёроос дээш жил үйл ажиллагаа эрхэлсэн ашгийн бус байгууллагууд, засгийн газрын агентлагууд, хувийн болон олон нийтийн компаниудын мэдээлэл дээр үндэслэн гаргажээ.
Мөн энэ оны хандлагаас харахад чадварлаг гүйцэтгэх захирлуудад C түвшний мэдлэг, хүчирхэг эдийн засгийн салбарын чадвар шаардлагатай болсон тухай Challenger, Gray and Christmas фирмийн захирал Эндрю Чэлленжер ярьсан байна.
Хамгийн сүүлд Google-ын толгой компани Alphabet-ын гүйцэтгэх захирал Ларри Пэйж ажлаа хүлээлгэж өгсөн бол тус компанийн Ерөнхийлөгч Сергей Брин ажлаасаа гарахаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.cnn.com