СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Энэхүү хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.

Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй найруулгын зарим засварыг хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан. Мөн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарим асуудлын талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй 5, найруулгын 2 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэсэн талаар танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт, Л.Мөнхбаатар нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох” гэсэн агуулгатай 7.4.6 дахь заалт нэмэхийг дэмжив.

Мөн төслийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг “Хуулийн этгээд нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ; олон суваг дамжуулах үйлчилгээ; өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээний төрлийн тусгай зөвшөөрлийг нэгээс илүүг болон давхар эзэмшихийг хориглоно” гэсэн агуулгаар өөрчлөн найруулах, түүнчлэн төслийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалтыг “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас радио, телевизэд хөрөнгө хуваарилах шалгуур үзүүлэлтэд үндэсний бүтээлийн хувь хэмжээний шаардлага хангасан болон олон нийтэд хүртээмжтэй байдлыг харгалзан” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.  Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг гишүүдийн олонхи нь дэмжив. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгаад байгаа юм.

Ингээд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 37 нь буюу 84.1 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлахыг гишүүдийн 86.4-88.4 хувийн саналаар дэмжиж батлав.

Дараа нь “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар уг тогтоолын төсөлд тусгажээ. Учир нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үед Зөрчлийн тухай хууль батлагдаж гараагүй байсан учраас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэгийн хуулийн дагуу Байнгын хороо санаачилж хэлэлцүүлэх боломжгүй гэж ажлын хэсэг үзсэн байна. Тиймээс Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд зохицуулжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж тодруулсан бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.4 хувь нь дэмжив. Улмаар гишүүдийн 69.3 хувийн саналаар тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.