УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2017 онд олгосон 3.9 тэрбум төгрөгийн зээлийн 2.1 тэрбумыг эргэн төлсөн гэж мэдэгдсэн юм. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Тухайн үед 3.9 тэрбум төгрөг олгосон юм билээ. 53 орчим хувь нь эргэн төлөгдсөн. 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 20 гаруй аж ахуйн нэгжид олгосон юм байна. Орон нутгийн чанартай үйл ажиллагаа, төсөл хэрэгүүлэхэд зориулж олгохоор тогтоол гаргасан байдаг. Энэ асуудалтай УИХ-ын эмэгтэй гишүүдийг холбож яриад байгаа юм. Гэхдээ би УИХ-ын гишүүд өөрсдийн болоод хамаарал бүхий хүмүүсийн компанид зээл авад өгчихсөн гэж бодохгүй байна. Мэдээж сонгогдсон тойргийнх нь аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг хүссэн бичиг хийж өгөх тохиолдол гардаг.
Харин тухайн үед тендер зарлах хурал болсон эсэх зэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа гэж ойлгосон.
-Үүнтэй холбогдуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийнхнийг шалгаж байгаа юу?
-Надад мэдсэн юм алга. Шалгаагүй.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг болиулчлаа. Одоо төсвөө яаж нөхөх бол?
-Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр хүлээсэн үүргээ л биелүүлж байсан хэрэг шүү дээ. Судалгааны үндсэн дээр НДШ-ийг нэмэх шаардлагатай гэж үзсэн. Гэтэл НДШ-ийн 2 хувийг нэмэхгүй болсноор улсын төсөвт 174 тэрбум төгрөг дутна. Нийгмийн даатгалын санд ч мөн хүндрэл үүснэ. Мэдээж валютын сангийнхантай дахин хэлэлцээ хийх шаардлагатай болно. Хөтөлбөрөө бүр зогсоож болохгүй байх. Түр зогсоох асуудал хөндөгдөж таарна.