Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт гомдол санал гаргадаг иргэдийн олонх нь өөрсдийн оршин суугаа байршилд баригдаж буй барилгууд нь зөвшөөрөлтэй, эсэхийг лавлахаар ханддаг байна.
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүднээс мэдээллийн сангаа сайжруулж, олон нийтийн зүгээс хамгийн их асууж лавладаг 1946 барилга байгууламжийн мэдээллийг цахим хуудсандаа нэмж байршуулсан. Иргэд www.uda.ub.gov.mn сайт руу орж, 9 бүлгийн 377 төрлийн 512 мянган обьектийн мэдээллийг цахимаар авах боломжтой. Энэ жил Засгийн газрын 326 дугаар тогтоолоор гудамж, зам талбай үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журмыг шинэчлэн гаргасан бөгөөд нийт 3643 иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээд байна. Мөн 502 нэгж талбарын 650 га талбай бүхий шугам сүлжээний зургийг шинэчилсэн. Иргэд манай байгууллагын цахим хуудсанд хандсанаар тухайн барилгатай холбоотой бүх төрлийн мэдээллийг авах боломжтой” хэмээн онцолсон юм. Мөн 2020 оноос эхлэн барилга барих хүсэлтийг цахимаар авах боломж бүрдэж байгаа аж.