МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар 6 дахь жилдээ “Цөмөөхэй” балет энэ сарын 20, 21, 27, 28-нд ДБЭТ-т тоглох гэж буйтай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ жил 8-15 насны 199 хүүхэд "Цөмөөхэй" балетад тоглохоор сонгогдсон бөгөөд ДБЭТ-ын залуу уран бүтээлч болох М.Нандинцэцэг, О.Даваадорж, Б.Мөнхнаран, Ө.Мөнхжин нар гоцлол бүжигчнээр тоглох гэнэ.
МУГЖ Д.Алтанхуяг:
-Урьд нь "Цөмөөхэй" балетад тоглох хүүхдүүдэд мэргэжлийн шаардлага тавьдаг байсан бол одоо хүүхдүүдийг урлагаар дамжуулан өөрийгөө нээж, мэдрэмжтэй болгохыг зорьсон учраас энэ жил Хөвсгөл аймгийн тайгын 11 настай Сугараа хүүг урьж авчран тоглуулахаар болсон. Энэ бүжгэн жүжигт ямар ч хүүхэд орж тоглож, үзэж болно гэдгийг хүмүүст таниулахыг зорьж байна.
Миний хувьд Хөвсгөл аймгийн Тайга руу аялалаар очсон бөгөөд энэ үеэр 11 настай Сугараа хүү цаа буга тэжээдэг талаараа надтай ярилцсан юм. Энэ үеэр чиний үеийн хүүхдүүд ийм гоё балетад тоглодог бөгөөд чиний тэжээдэг цаа буга хүртэл уг балетын үзэгдэлд ордог хэмээн хэлж, дүрсийг нь үзүүлэхэд их л гайхсан бөгөөд над шиг хүүхэд хүртэл тоглож болох уу юм уу гэхэд тийм чамайг Цөмөөхэй балетад тоглохыг урьж байна хэмээн урьсан. Сугараа хүүгийн гэр бүлийнхэн уриалгахан дэмжсэн бөгөөд нутгаасаа хөдлөн Улаанбаатар хотод ирж байгаа гэсэн.
Энэ ч утгаараа сонгодог урлагийг мэргэжлийн хүмүүс хийдэг биш жирийн иргэн та, хүүхэд тань таньж мэдэж, ойлгох боломжтой гэдгийг харуулахыг зорьж байна.
"Цөмөөхэй" балетыг нэг удаа үзэх биш уламжлал болгон жил бүр гэр бүлээрээ үзсэнээр сонгодог урлагийг нийтийн хүртээл болгох боломжтой. Цаашид дан ганц Улаанбаатар хотод тоглох биш 21 аймагт жил бүр тоглогдоосой хэмээн хүсэж байна. Тухайн аймгийн зүгээс сонгодог урлагийг дэмжин аймагтаа "Цөмөөхэй" балетыг тоглуулах хүсэлтэй бол манай "Балетийн хөгжлийг дэмжих сан" дэмжин ажиллахад бэлэн” гэдгийг илэрхийлэв.