Антарктик тивийг 38 зорчигчийн хамт чиглэсэн ч замдаа сураггүй алга болсон Чилийн онгоцыг сүйрсэн байж магадгүй хэмээн мэдээлж байсан бол уг онгоцны сэг зэм олдсон тухай эх сурвалжууд дамжуулжээ. С-130 Геркулес ачаа тээврийн онгоц хамгийн сүүлд холбоо тасарсан газраас 30 км-ын зайд сүйрсэн онгоцны хэсэг олдсон байна. Үүнийг Геркулес онгоц сүйрэх үед үлдсэн сэг мөн гэж үзжээ.
Онгоц Чилийн өмнөд нутгийн Пунта Аренас хотоос Антарктик дахь Ерөнхийлөгч Эдуардо Фрэй Монтальвагийн баазыг чиглэсэн байсан юм. Хайгуулчдын олсон сэг онгоцны шатахуун хадгалах савны дотор талын хэсгийнх байх боломжтой ажээ. Тус улсын нисэх хүчин үргэлжлүүлэн шалгах юм байна.
Чилийн онгоц хөөрөөд удалгүй холбоо тасарсан ба хайгуулын ажилд агаарын болон тэнгисийн техник хэрэгслүүд өргөн хүрээтэйгээр хамрагдсан. Аргентин, Бразил, Их Британи, Уругвай улсууд эрэл хайгуулын ажилд туслуулахаар нисэх онгоцуудаа илгээж, АНУ, Израйль хиймэл дагуулын зургийг гаргасан байна.
Сураггүй болсон онгоцон дотор Чилийн армийн гурван цэрэг, нэг инженер, нэг барилгачин, нэг оюутан байсан бөгөөд үлдсэн 15 зорчигч нь нисэх хүчний алба хаагчид байжээ. Бусад нь онгоцны нислэгийн багийн гишүүд байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com