Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын 4 дүгээр зөвлөгөөн 2018.10.18-ны өдөр Төрийн ордны их танхимд боллоо. 2012 оноос хойш тасалдаад байсан уг зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан байна.
Биеийн тамир, спортын улсын 4 дүгээр зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгын талаар спортын салбарынханд нэгдсэн ойлголт өгөх, “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”, Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль ба бусад хууль, эрх зүйн баримт бичгүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан боловсронгуй болгох талаарх арга зам, шийдэл, чиглэлийг тодорхойлж, биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэн төгөлдөржүүлэх цогц асуудлыг хэлэлцсэн юм.
Зөвлөгөөний үеэр биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага, бодлогын хэрэгжилтийн талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүллээ. Үүнд:
·“Биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага”
·“Биеийн тамир, спортын салбарын бодлогын хэрэгжилт”
·“Биеийн тамир, спортын төрийн ба төрийн бус байгууллагын сайн засаглалыг хөгжүүлэх нь”
·“Биеийн тамир, спортын шинжлэх ухааны хөгжил ба зорилт”
·“Чанартай бие бялдрын боловсрол”
·“Хөтөлбөр-2020” зэрэг сэдвийг хэлэлцжээ.
Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, МҮОХ, МПХ, спортын холбоод, цэрэг, тусгай хүчний биеийн тамир, спортын байгууллагууд, их, дээд сургууль, спортын дунд сургууль болон бусад байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагч, багш дасгалжуулагч, тамирчид, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болох 500 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Энэ жил Монгол улс Олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ой тохиож буй. Зөвлөгөөний үеэр 1968 оны Мехикогийн 19-р олимпийн наадмаас Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль, Чимэдбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг нар хүрэл медаль хүртэж Монгол Улс анхны олимпийн медальтнуудтай болсон түүхэн үйл явдлыг тэмдэглэж, Олимпийн медальтнуудад хүндэтгэл мөн үзүүлжээ.