СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-12-12

Газарддаггүй Д.Одбаярын “нисдэг” технологи

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Мэдээллийн хэт хөөсрөл дунд алийг нь санаж, хэнээс нь хариуцлага нэхсээр байхыг, ямар хүмүүс хэрхэн бөмбөг тэсэлж нэгийг нөгөөгөөр дарж байдгийг мэддэг ч ар араасаа гинж мэт хэлхээтэй дуулианы өмнө хаана ч үгүй хамарт ч үгүй барим тавим явсаар мянга мянган асуудлыг замхаруулчихдаг. Өөрөөр хэлбэл, ийм байдлаасаа болоод өнөөдрийг хүртэл Монгол Улсад улс төрийн гэмт хэрэгтнээр  нэг ч албан тушаалтан тодроогүй. Ял шийтгэл аваагүй ээ. Үүний нэг нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр. Хөх тэнгэрийн суудалтай түүний газарддаггүй технологи юу вэ. Олон улсад Монгол Улсын нэр хүндийг шавартай нь хутгачихаад хээв нэг улс төрийн элдэв шийдвэрт оролцоод суугаа нь ямар учиртай вэ. Хуулийн дээр жаалах эрхтэй “Өгзөг” Одбаярыг сэнтий дээрээс нь буулгахгүй байгаагийн учир юу гэх зэрэг асуулт өнөөдрийг болтол хариултгүй тэнэсээр. Тэгвэл Өмнөд Солонгос бүсгүйн өгзөг базсан хэрэгтэй Д.Одбаярын хувьд МАН-ын гишүүн.

Намынхаа төлөө юуг ч хийж чадах боловсон хүчнүүдийн нэг. Асан явсан албан тушаалууд нь өөрийнх нь ёс зүй, хувь хүний чадамж, ажлын гүйцэтгэл зэрэгт хэт томддог ч тэрбээр албан тушаалын одтой. Ямагт даргын байр суурин дээр тохогддог учраас ажлын бүтээмж, үр дүнг түүнээс хэн ч хэзээ ч нэхэж байгаагүй. Ийм л амжилт нь сулхан, алдаа нь цуутай нэгэн. Тэрбээр Дорнод аймгийн Засаг даргаас эхлээд УИХ-ын гишүүний суудалд ч тухлаж явсан албан тушаал, амны хишигтэй. Улмаар Хууль зүйн яамны газрын дарга, Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн даргаар томилогдсон. Харин одоо ҮХЦ-ийн гишүүн хэмээн эрх чөлөөтэй “нисэж” явна. Түүний хаана, юу хийж ямар технологи ашиглаж албан тушаалд томилогддог зэргийг мэдэх хуульчид “Д.Одбаярын хийсэн ганц сайн ажил гэх шошготой   нэг ч дорвитой үйл хэрэг, хуулийн төсөл байдаггүй” хэмээдэг. Дорноддоо ч гараа хөдөлгөж байгаагүй түүнд нутагтаа нэр дэвших нүүр байхгүй гэх юм билээ. Өгзөг базаж өөрийгөө таниулаагүй байхдаа Дорнодод нэр дэвшиж сонгууль хийх нүүргүй байсан хүн өдгөө аймгийнхаа хил давах ч эрхгүй болсон нь тодорхой биз ээ.

Өөрийгөө энхийн цагаан тагтаа болгон нисгэж хөх тэнгэрт  дураараа, хэнд ч гай болоогүй хөөрч явахад нь хэн нэгэн санаатайгаар гарт нь биеийнхээ аль нэг хэсгийг хүргэсэн байж болзошгүй, түүнийг нь санахгүй байна хэмээх аргаа ядсан, хөгийн тайлбар, мэдэгдлүүдийг хүмүүсээр яриулаад эхэлжээ. 

ХАГАРАЛ, БУТРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Дорнодын Засаг дарга байхаасаа л намынхаа нөхөдийн дунд нэр хүнд муутай байжээ. Учир нь түүний явсан, суусан газар үргэлж улс төр, албан тушаал, эрх ашгийн зөрчил үүсэж хагарал, бутрал үүсдэг байсан нь олон хүний яриагаар батлагддаг. Ямар сайндаа л аймгийнхаа МАН-ын хорооны дарга, гишүүдтэй ам муруйсан түүх бишгүй гэнэ. Намын нөхөдтэйгээ таарамжгүйгээс болсон уу, гишүүдийн оролцоотой бүтээн байгуулж төсөв батлуулдаг Дорнод руу чиглэсэн олон бүтээн байгуулалтыг царцааж байсан юм гэдэг. Ажил гэхээр гараа хумхидаг, албан тушаал гэхээр амаа ангайдаг эрийг хэн дэмжээд ҮХЦ-ийн дарга болгосон бэ гэдэг нь тун ч сонирхолтой. Түүнийг ТӨХ-ны дарга асан, ҮХЦ-ийн гишүүн асан Д.Сугар Дорнодоос сугалж улс төр рүү суга татсан гэдэг. 

Д.ОДБАЯРЫН ТЭНЭГЛЭЛ МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН СОЁЛ, ХҮМҮҮЖЛИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛЛОО 

Хөх нь дөнгөж ургасан өсвөр насны охин байхдаа ангийнхаа хөвгүүдээр үснийхээ боолтыг тасартал, хөхөвчнийхөө татуургыг цамцныхаа цаанаас хэдэнтээ татуулаагүй охин ховор биз. Турьхан охидыг олуулаа барьж байгаад цасаар нүүрийг нь угааж, тунгалаг ялдамхан царай руу нь цоо ширтэн байж олуулаа нийлээд охидын уруул, хацар дээр үнсдэг, биед нь эрээ цээргүй хүрч, айлгаж ичээдэг харилцааг олон улсад Монгол эрчүүдийн соёл, хүмүүжлийн байгаа үнэн төрх болтол нь “сурталчилав”. Заримдаа үг үнэн байх тусмаа хатуу, сонсмооргүй, хүлээн зөвшөөрөмгүй байх нь бий. Тэгвэл ирээдүйн Одбаярыг олшруулахгүйн тулд өнөөдрөөс эрэгтэй хүүхдийн харилцааны соёл гэгчийг сэдэв болгон яримаар, эцэг эх, боловсролын хөтөлбөртөө тусгамаар хэмжээнд хүрсэн нь ҮХЦ-ийн дарга асны бүдүүлэг үйлдэл тод харууллаа. Нөгөөтэйгүүр,  хүүхэд байхаасаа л эмэгтэйчүүдэд гологдож ирсэн дутуугийн мэдрэмжээ мань хүн эрх мэдэл, мөнгө, албан тушаалтай болсон үеэсээ нөхөж ирсэн болов уу гэмээр үйлдэл хийсэн нь эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэн үздэг манайхаас бусад орны жигшлийг төрүүлэв. 

Д.ОДБАЯР АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙХГҮЙ ГҮЛДИЙСЭЭР МАРТАГДАХ УУ

Эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн бол уучлал гуйдаггүй гүлдийсэн зан манай эрчүүдэд байх юм. Ийм бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдогсдын тэргүүн эгнээнд хэд хэдэн улс төрч багтаж байгаа нь эмгэнэл. Д.Гантулга, Д.Муратаар эхлэх жагсаалт өргөжин ҮХЦ-ийнхээ даргаар тэлсэн нь өнөөгийн монголын улс төр, хуулийн байгууллагын завхрал, Монгол эрчүүдийн жудаггүй харилцаа, бэлгийн харилцааны ойлголт доройг дэлхийн олон улсад илчилж өглөө. Д.Одбаяраас болж Солонгост ажиллаж амьдарч, сурч хөдөлмөрлөж байгаа гэм зэмгүй Монгол иргэд солонгосчуудад нүд үзүүрлэгдэн чичлүүлдэг болсон гэх гомдол Солонгос дахь монголчууд гэх цахим группэд олширлоо. Хүний нутагт хар ажил хийж эх орондоо валют оруулж ирдэг, арилжааны банкуудын амьдрах гол санхүүгийн хөшүүрэг болж буй Солонгос дахь Монголчуудыг муухай харагдуулсныхаа төлөө Д.Одбаяр нутаг нэгтнүүдээсээ болон ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Толгой гудайлган уучлал гуйж албан тушаалаасаа сайн дураараа татгалзах ёстой байтал ҮХЦ-ийн гишүүн хэмээн өргөмжлөгдөж улс орны бодлого чиглэл, хууль тогтоомжийн ажилд гар бие оролцоод суугаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тэгэхээр түүний энэхүү жигшүүрт үйлдэл манай улстөрчдийн ёс зүйн хэм хэмжээ ямар доод түвшинд байгааг нотоллоо. “Мөнгөтэй эрх мэдэлтэй байхад муусайн бүсгүйчүүд хүссэн болгоныг минь биелүүлэх ёстой” гэсэн тэнэг бардамнал мэдрэгдээд байна. Арга ч үгүй биз ээ. Нэр төр нь сэвтсэн, элдэв хүчирхийлэлд холбогдсон улстөрчдөд хариуцлага тооцох ёстой УИХ дахь Ёс зүйн хороо нь түүхэндээ нэг ч удаа гишүүдэдээ арга хэмжээ ярьж хариуцлага тооцсон баримт байхгүй өнөөдрийг хүрсэн гэж бодохоор эрхгүй ой гутна. Дээд суудлаасаа эхлээд л самууралтай байгаагийн үнэн төрх энэ билээ. Албан тушаал эрх мэдэл дээр хуйвалдаж очдог, бие биенээ хамгаалж хаацайлдаг, элдэв тохироо хийдэг, хувааж иддэг гаж тогтолцоо монголын улс төрийн шударга бусын давхрагыг бэхжүүлсээр. Монгол Улс, Монгол хүний үнэлэмжийг үнстэй хутгачихаад уучлалт ч гуйхгүй гүлдийх Д.Одбаяр та хөх тэнгэр юм уу.   

ДАРГА, САЙД НАР ИЧИГ ИЧИГ

Монголын хамгийн өндөр улс төрийн албан тушаалтан нь харийн оронд хүүхний өгзөг базаж танхайран үйлдэл нь бичлэгээр нотлогдоод тухайн улсынхаа шүүх, цагдаагийн хаалга татчихаад байхад ч манай ҮХЦ, ГХЯ, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайдын мэдэгдлүүд ард түмнийгээ тэнэгрүүлж Монгол хүний үнэнийг мэдэж, мэдээлэл авч байгаа нүд рүү нь харж байгаад нулимав. Ерөнхийлөгчөө хүртэл огцруулаад гарт нь гав дүүжлээд шоронд оруулчихдаг шударга нь дэндсэн хуультай Солонгосчуудын өмнө бүлх залгисан мэт дуугүй хүлцэж хэдэн төгрөгөөр л торгоно гэнэв, түүнийг нь төлөөд эх орондоо л бууя хэмээн айж бөмбөгөнөтөл чичирч байсан Д.Одбаяр өдгөө том байна. Тэр дошин дээрээ атаман болж хувирчээ. Өөрийгөө энхийн цагаан тагтаа болгон нисгэж хөх тэнгэрт  дураараа, хэнд ч гай болоогүй хөөрч явахад нь хэн нэгэн санаатайгаар гарт нь биеийнхээ аль нэг хэсгийг хүргэсэн байж болзошгүй, түүнийг нь санахгүй байна хэмээх аргаа ядсан, хөгийн тайлбар, мэдэгдлүүдийг хүмүүсээр яриулаад эхэлжээ. Төрийн өндөр албан тушаалтай болчихвол хүн алж байсан ч хуулиас загатаж болдгийн хамгийн тод жишээ болж орхилоо, тэрбээр. Д.Одбаярын өдүүлсэн баримтат хэргийн ачаар манай сайд, дарга, гишүүд хэрхэн биесээ өмөөрч гүлдийдгийг нийтээрээ харж авав. Тэд ХАРИУЦЛАГА гэж юу байдгийг ойшоодоггүйгээр барахгүй хуулийг жирийн иргэнд л ягштал хэрэглэдэг болох нь тун ч тодорхой харагдав. Мөн гадаадад зорчихдоо хууль дүрэм сахидаггүй, бүдүүлэг, том арга хэмжээнд эх орноо төлөөлөн оролцох үүргээ ухамсарладаггүй, ихэвчлэн архидан согтуурдаг жишээг Б.Одбаяр энэ удаад өөрийн биеэр нотлон үзүүллээ. Улстөрчдийн гадаад томилолт болон ажил хэргийн аялалд өөрсдийгөө хэрхэн бэлтгэж, биеэ хэрхэн авч явдгийн тод жишээ тэр байв. Ингэж л Азийн цээжин дэх Чингисийн Монгол гэх хүчирхэг гүрэн улсын нэр хүндийг түүхийн үнэ цэнтэй нь харлуулан үгүй хийж орхилоо. Солонгос улс ямархан ардчилалтай, шударга засаглалтай, иргэнээ хамгаалсан хууль, шүүхтэй болохоо Д.Одбаяраар дамжуулан дэлхийд гайхуулав. Тэд том байлаа. Харин бид жижигхэн өгзөг болон хувирлаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.