С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн ялтан Т.Чимгээгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай уулзлаа. Уулзалтын дараа сэтгүүлчидтэй уулзаж, дараах тодруулгыг өгсөн юм.
Өмгөөлөгч С.Оюунцэцэг: Шинээр баримт илэрсэн учир өнөөдөр бид нар УЕП-ын орлогчтой уулзлаа. 14 хуурцаг бичлэг бий. Гүйцэтгэх ажиллагааны шугамаар нотлогдсон гээд бидэнд бичлэгийг үзүүлдэггүй байснаа гурван шатны шүүхийн шийдвэрийн дараа ил болгосон. Гэтэл эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн байна шүү дээ.
Мөн ялтан Ц.Амгаланбаатар бусдыг гүтгэвэл 500 сая төгрөг өгнө гэж амласан, гадаадад гаргана гэсэн гэдгээ өргөдөлдөө ч бичлээ, мэдүүлэг ч өгсөн байгаа шүү дээ.
Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: Нөхцөл байдал нааштай байгаа болохоор өнөө маргаашгүй суллагдах юм шиг хүлээгээд байна л даа. Дөрвөн жилийн өмнө "Ажилдаа явна" гээд гэрээс гарсан хүн өнөөдөр гэртээ хариагүй явна. Энэ хооронд зээтэй боллоо, мөн Шинэ жил болж байна шүү дээ.
Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн: Т.Чимгээ амьдын хагацал үзсэн. Манай гэр энэ хэргээс болж хангалттай хохирлоо. Зохиомол хэрэг гэдгийг нь монголын ард түмэн харлаа шүү дээ.