Шинэ Зеландын галт уул, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг Цагаан аралд галт уул дэлбэрч одоогоор зургаан хүн амиа алдаж, найман хүн сураггүй хэвээр байгаа юм.
Галт уул оргилох үед аялагч жуулчид ойр орчимд нь байснаас түлэгдэж бэртсэн 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Орон нутгийн эрх баригчид сураггүй болсон найман хүнийг эсэн мэнд байгаа гэх найдлага тасарсан гэдгийг анхааруулжээ.
Галт уул дахин идэвхжиж эхэлсэн тул сураггүй болсон найман хүний цогцосыг эрж хайх ажилд саад учруулж байна гэжээ. Энэ хооронд амиа алдсан иргэдийн цогцосыг таниулах ажил үргэлжилж байна.
Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн сураггүй болсон хүмүүсийн цогцосыг эргүүлэн авчрахад олон хүний оролцоотойгоор аврах ажиллагааг хичээнгүйлэн гүйцэтгэж байгаа гэжээ.
Өнөөдөр өглөө 04 цагаас хойш галт уул идэвхжиж эхэлсэн тул хүлээхээс өөр арга үлдээгүй хэмээн цагдаа нар мэдэгдсэн байна. Ойролцоогоор 24 цагийн турш аврах ажлыг хойшлуулах болжээ. Цагаан арлын галт уул оргилох үед дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 50 орчим жуулчин ойрхон явж байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com