Дэлхий дээр хамгийн урт насалдаг хүмүүс амьдардаг гэдгээрээ Японы Окинава, Италийн Мөнхийн тосгон, Калифорнийн Лома Линда суурингууд алдартай. Гэхдээ таны мэдэхгүй ч байж болох Азербайжан улсын өмнөд нутгийн Лерик хотод дэлхийд цор ганц Урт наслагчдын музей байдаг ажээ.
Өмнөд Кавказын тус улсад одоо амьдарч байгаа хүмүүсээс гурав дахин урт насалдаг хүмүүс аж төрдөг хэд хэдэн муж байдаг тухай дурдсан байна. Тухайлбал Ланкарах, Нагорно-Карабах зэргийг нэрлэдэг. Гэвч Лерик бол зуу болон түүнээс дээш настнууд хамгийн их оршин суудаг газар юм. Энэ нутагт үүлс хөлөглөсөн өндөр Талишийн нуруунууд, могой мэт мушгирсан олон зам байдгийг урт удаан, эрүүл амьдралын гол түлхүүр байж магадгүй хэмээн ярьдаг байна.
Урт наслагчдын музейг 1991 онд анх Лерикт байгуулж, 2010 онд сэргээн засварлажээ. Эндэхийн хоёр өрөөнд 2,000 гаруй үзмэр, баримт материалыг байршуулсан. Нутгийн өндөр настнууд, хамгийн урт насалсан хүмүүсийн түүхийг гэрчлэх баримтууд ч дэлгээтэй аж. Мөн тэдгээрийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг байршуулжээ. Орос, Азербайжан хэл дээрх захидлууд, Францаас ирсэн уран зураг хананд нь өлгөөтэй харагдана.
Лерикт 1990-ээд онд 63,000 хүн дунд зуугаас дээш насалсан 200 гаруй хүн бүртгэгдэж байсан ч одоо энэ тоо огцом буурсан байдаг. Энэ нь сүүлд баригдсан харилцаа холбооны цамхгуудаас ялгарах туяа, хүрээлэн буй орчин хумигдсан зэргээс үүдэлтэй хэмээн нутгийнхан үздэг байна. Харин өнөөдөр эндэхийн 83,800 хүн ам дунд 100-аас дээш насалсан ердөө 11 хүн байгаа юм.
Лерикийн хамгийн ахмад настан одоо 105-тай Ражи Ибрахимова юм. Гэвч үүнээс өмнө Ширали Муслумов гэгч хоньчин 168 хүртлээ амьд мэнд байсан нь хамгийн урт насалсан гэж түүхэнд бичигджээ. Түүний шар өнгийн паспорт дээр 1805 онд төрж, 1973 онд таалал төгссөн хэмээн дурдсан байна. Хэрэв энэ баримт үнэн бол хоньчин Муслумов дэлхийн түүхэн дэх хамгийн урт насалсан хүн юм.
Хэдийгээр дээр үеийн бичиг баримтад эргэлзээтэй зүйл байдаг ч Муслумовыг хүндэтгэсэн олон захидал гадаад улс орнуудаас ирсэн байдгийн дунд Вьетнамын коммунист удирдагч Хо Ши Миний илгээсэн мэндчилгээнд “хүндэт өвөг эцэг” хэмээн дурдсан байдаг ажээ. Түүний урт насалсан ген удамшсан гэж гэр бүлийнхэн нь үздэг. Муслумовын охин Халима Камбарова одоо 95 настай. Тэр аав шигээ 168 нас хүрэхгүй ч 150 хүртэл насална гэдэгтээ итгэлтэй байдаг гэжээ. Үгүй байлаа гэхэд авга шигээ 130 насална хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.cnn.com