Хятадын Сагсан бөмбөгийн холбооны Нанжин Манки Кингс багт тоглодог Францын сагсчин Гершон Ябуселе төрийн дууллын үеэр үл хүндэлсэн байдал гаргасныхаа төлөө 10,000 юань буюу 1,400 ам.доллараар торгуульсан байна. Тэрээр тоглолтын өмнө Хятадын төрийн дуулал эгшиглэх үед толгойгоо өргөж хүндэтгэл үзүүлээгүй болохыг Global Times агентлаг мэдээлжээ.
Ябуселед мөнгөн торгууль оноосноос гадна дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулжээ. Багийн тамирчид төрийн дуулал эгшиглэх үед бүгд толгойгоо өргөн хүндэтгэл үзүүлж байхад тэрээр ганцаараа толгойгоо бөхийлгөсөн байдал харуулсан байна. Энэ үйлдлийг нь үл хүндэлсэн байдал гаргасан гэж Хятадын цахим орчинд шүүмжлэл дагуулжээ.
Харин NBA-ын тоглолтын үеэр Америкийн баг тамирчид төрийн дуулал эгшиглэх үед ихэнхдээ толгойгоо бөхийлгөж, нүдээ аньсан байдал харуулдаг ажээ.
Францын сагсчин 2016 онд NBA-д хэсэг хугацаанд тоглож байсан бөгөөд энэ жил Хятадад эргэн иржээ. Ябуселегээс гадна NBA-д байсан Маршон Брүкс зэрэг бусад тоглогчид мөн адил шалтгаанаар торгуульж байжээ.
Түүнчлэн энэ жил NBA-ын Хьюстон Рокетс багийн Ерөнхий менежер Дариль Морей жиргээнд Хонконгийн Засгийн газрын эсрэг тэмцэгчдийн жагсаал хөдөлгөөнийг дэмжсэн нь багагүй асуудал дагуулсан билээ.
Эх сурвалж: www.cnn.com