Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу манай улсад хагас өдрийн айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалын эхэнд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурав. Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.
Оросын холбооны улсын батлан хамгаалах яамнаас манай улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай техник хэрэгслийг хүлээлгэж өгсөн юм. Үүний дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхав.
Оросын холбооны улсын батлан хамгаалах яамнаас манай улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай техник хэрэгслийг хүлээлгэж өгсөн юм
С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдав.
Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаарх хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.
Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав.
Цаашид цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хамтарсан сургуулилт хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ. Мөн ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах хүсэлтээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлэв.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулав.
Сергей Шойгу буюу Сергей Күжүгет оглу Шойгу 1955 оны тавдугаар сарын 21-нд Тувагийн Чадан хэмээх бяцхан хотод төрсөн. 2012 оноос ОХУ-ын БХЯ-ны сайдын албыг хашиж байгаа. Армийн генерал цолтой, ОХУ-ын Баатар. 1991 оноос эхлэн Оросын Онцгой байдлын газрыг удирдсан тэрбээр нэг бус удаа ОХУ-ын хамгийн нэр хүндтэй улстөрчөөр нэрлэгдэж байлаа. Өнгөрсөн жил 60 насных нь ойгоор түүнийг Тувагийн хүндэт иргэн цолоор шагнасан.
Онцгой байдлын газрын дарга байхдаа Шойгу албан өрөөндөө суулгүй, байнга өөрийн биеэр осол, гамшиг болсон газруудад очиж ажилладаг байв. Яагаад гэсэн асуултад Шойгу "Би аврагчдыг их хүндэлдэг. Тэд надаас та тэнд очиж үзсэн үү гэж асуухад нь үгүй гэж хариулбал ичгэвтэр хэрэг болно шүү дээ" гэж хариулж байв.