Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д ирж байгаа 5 хүн тутмын 2 нь халтирч унаснаас гэмтэж бэртсэн болохыг судалгаагаар тогтоожээ. Тус төв өвлийн улиралд хэвийн хэмжээнээс 2 дахин их ачаалалтай буюу өдөр бүр 400-450 хүнд үйлчилдэг байна. Арга ядахдаа ГССҮТ-өөс иргэдийг халтиргаа гулгаанаас үүдсэн осол гэмтлээс сэргийлүүлэхийн тулд иргэдийг хойд туйлын Оцон шувуу шиг алхаж явахыг зөвлөжээ.
Яагаад гэвэл, өвлийн улиралд цас орж, хаа сайгүй халтиргаа гулгаа үүсдэгийг мэдсээр атал явган хүний зам, талбайг халтирах аюултай хавтангаар хийдэг нь иргэдийн шүүмжлэлийг ихээхэн дагуулдаг юм.
Гэхдээ явган хүний замын асуудал дан ганц өвлийн улирлын асуудал биш. Улаанбаатарынханд жилийн 4 улиралд тохиолдож байдаг нэг асуудал нь явган хүний замын хүрэлцээ. Авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газруудад байрлуулсан зөөврийн байгууламжууд, хаа сайгүй хатгасан хашаа хаалт, зарлалын самбаруудыг нийтийн эзэмшлийн зам талбайд дур зоргоор барьсан нь явган зорчигчийн эрхийг ноцтой зөрчсөөр байна...
Тэр бүү хэл улсын чанартай томоохон бүтээн байгуулалтууд хийхдээ ч иргэнээ бодсон шийдвэр гаргахгүй байна. Хамгийн том жишээ бол энэ намар ашиглалтад Замын цагдаагийн гүүр, Налайхын замууд юм. Шинээр баригдсан дээрх замууд явган хүний зам, орц, гарц байхгүйгээс үүдэн гүүрний урдаас хотын төв дэх ажилдаа 20 минут алхаад очдог байсан иргэн одоо тойруу замаар 40-50 минут алхдаг болжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр шинэ замууд түгжрэл бууруулах сайн талтай ч түүгээр зорчдог явган зорчигчдын эрүүл, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж мэдэхээр байна.
Уг нь хотын соёл хөгжсөн, хүний эрхийг дээдэлдэг улсад юун түрүүнд явган зорчигчийн эрхийг нэгдүгээрт тавьж, явган зорчигчийн эрхийг хангасан замын хөдөлгөөний дүрэм гаргаж, зохицуулатууд хийдэг байна. Тухайлбал, Герман улсад явган зорчигч хамгийн ихээр зорчиж буй газарт гарц, гарам, гэрлэн дохиог хийдэг байна.
Гэвч манайд эсэргээр нь...Явган зорчигчдоос илүү автомашины урсгалыг сайжруулахад анхаарч явган зорчигчийн гардаг гарцуудыг хаах, чиглэлийг нь өөрчлөх нь хэвийн үзэгдэл болжээ. Түр зуурын хөдөлгөөн зохицуулалт хийхдээ ч явган зорчигчийн эрхэнд халдаж, гарцан дээр удаан зогсооно... Үүнээс үүдэн явганаар зорчигчид даарч хөрөх, автомашинаас ялгарах угаарын хийнд хордох зэргээр эрүүл мэндээрээ хохирч байна.
Төрөөс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр энэ үүргээ огтхон ч хэрэгжүүлэхгүйн дээр харин ч явган зорчигчдын эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах бодлого, шийдвэр гаргасаар байна...