ОХУ-ын Украйнаас буцааж авсан Крымд лхагва гаригт аймшигт халдлага болсон. Орос, Крымыг холбосон гүүрний ойролцоо байдаг Керч политехникийн сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан зэвсэгт халдлага үйлдэж 19 хүний амийг хороож 50 гаруй хүнийг гэмтээж шархдуулсан.
Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь 15-20 настай политехникийн оюутнууд байсан байна. Гэмт этгээд сургуулийн цайны газарт бөмбөг дэлбэлж, хүүхдүүдийн амийг бүрэлгэсний дараа өөрийгөө хороожээ.
Оросын Батлан хамгаалахын сайд Монгол улсад хийж буй айлчлалынхаа өмнө цэргийн эмнэлгүүд болон дөрвөн нисдэг тэргийг шаардлагатай тохиолдолд гэмтэж шархадсан иргэдэд туслахад бэлдсэн байгаа гэжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин болсон явдалд эмгэнэл илэрхийлж Крымд өнөөдрөөс эхлээд гурав хоногийн турш эмгэнэл зарласан байна. Хэдийгээр ОХУ Крымыг өөрийн улсад нэгтгэсэн гэж үздэг ч Украйн болоод өрнөдийн улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа.
Халдлага үйлдсэн этгээд сургуулиа үзэн яддаг байжээ
Владислав Росляков Керч политехникийн сургуульд сурдаг. Халдлага үйлдэх үедээ ангиас анги дамжин гал нээж байжээ. Амиа алдсаных нь дараа дахин дэлбэрэлт үйлдэхээр зэхэж байсныг нь илрүүлсэн байна.
Гэмт этгээдийн найзын ярьснаар сурч буй сургуульдаа дургүй, үргэлж үзэн яддаг байсан гэжээ. Мөн багш нартаа өс хонзон санаж, хуурамч зэвсгийн зөвшөөрлөөр зэвсэг эмэмшсэн байна. Ангийнх нь хүүхдүүд Росляковыг биеэ даасан, бусадтай харьцахдаа тааруу, олон нийтийн цахим сүлжээ ашиглахаа болиод удсан гэж ярьжээ.
Крым дэх халдлагын цаана Киев байх боломжтой юу?
Халдлага гарсан Керч политехникт 850 хүүхэд сурдаг. Иймэрхүү халдлага АНУ-д их гардаг ч ОХУ-д энэ жил тав дахь удаагаа сургуулийн байранд халдлага гарсан. Халдлагын шалтгааныг хараахан тодруулаагүй. Оросын цагдаагийн байгууллага халдлагыг “террорист шинж чанартай” гэж дүгнэж байсан ч дараа нь “олон хүнийг хомроглон устгасан үйлдэл” гэж нэрлэжээ.
2014 онд Крымд бүх нийтийн санал асуулга явуулж ОХУ-д нэгдэхээр болсон. Одоо хүртэл дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөөгүйн дээр Оросын талыг дэмжигч босогчдын зөрчил мөргөлдөөн намжаагүй. Улс төрийн эмх замбараагүй байдал үргэлжилсээр байгаа тул зарим эх сурвалжууд Украйны талыг баримтлагчид халдлагын цаана байж болзошгүй гэж үзжээ.
Эх сурвалж: www.bbc.com