Өнөөдөр Хүний эрхийн Олон улсын өдөр. Энэ өдрийг манай улс "Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Байгаа газартаа айх аюулгүй, гачигдах зовлонгүй амьдралыг бий болгохын тулд эрхээ мэддэг, бусдын эрхийг хүндэтгэдэг, үүрэг хүлээгчдээс хариуцлага шаарддаг идэвхтэй иргэн байхыг уриалж байгаа ажээ.
Дэлхийн II дайн болон тоталитар дэглэмүүдээс олж авсан эмгэнэлт туршлагаас улбаалж хүний ба иргэний эрх зүй олон улсын эрх зүйн хөгжилд чанарын шинэ алхам авчирсан гэж үздэг. Ингээд 1948 оны 12 дугаар сарын 10-нд Ерөнхий Ассамблейн 217 А (III) дугаар тогтоолоор "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей батлан зарласан. Хүн төрөлхтөн энэхүү тунхаглалыг баталснаар дэлхий дахинаа хүний эрхийг жам ёсны хэмээн хүлээн зөвшөөрч, хүн бүр энэ Тунхаглалд заасан бүх эрх, эрх чөлөөг яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой болохыг зарлан тунхаглагласан юм. Өдгөө Хүний эрхийн Түгээмэл тунхаглал дэлхийд хамгийн их түгсэн буюу 500 гаруй хэл дээр орчуулагдсан баримт бичиг болжээ.
Улмаар 1950 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг Олон улсын “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж байна. Манай улс 1989 оноос эхлэн олон улсын энэ өдрийг тэмдэглэж ирсэн юм. Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдал хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Манай улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр 2000 гаруй иргэн, ТББ, байгууллага ажиллаж байгаа гэсэн тоо бий.
Өнөөдөр хүний эрхийн төлөө тэмцэгчид “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөгийг УДБЭТ-т зохион байгуулах юм.
Энэхүү үйл ажиллагааны үеэр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд Хүний Эрхийн Форумаас илгээсэн тайлангийн танилцуулга, “Хүний эрх хамгаалагчдын түүх”, Хууль зүйн зөвлөгөө туслалцаа, хүний эрхийн зурагт үзэсгэлэн зэрэг болно.