Дэлхийн допингийн эсрэг агентлаг өчигдөр Швейцарийн Лозанна хотод болсон уулзалтаар ОХУ-ын баг тамирчдыг дахин дөрвөн жилийн турш олон улсын спортын арга хэмжээнд оролцох эрхийг нь хаслаа. Ингэснээр Оросын тамирчид ирэх жилийн Токиогийн Олимп, Паралимп, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Бээжингийн өвлийн Олимпийн наадмуудад өөрийн орны туг далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх боломжгүй болжээ. Өмнө нь гурван жилийн хугацаатайгаар олон улсын тэмцээн наадам зохион байгуулах, улсынхаа далбаан дор өрсөлдөхийг хорьсон байсан юм.
Харин дэлхийн допингийн эсрэг агентлагийн Тамирчдын хорооны гаргасан Оросын тамирчдыг олон улсын Олимпийн хорооны туг далбаан дор ч наадмуудад оролцохыг хориглох санал дэвшүүлснийг азаар хойд хөршийн тамирчид ОУОХ-ын туг далбаан дор өвөл зуны Олимп, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй хэвээр үлдээжээ.
Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев дэлхийн допингийн эсрэг агентлагийн гаргасан шийдвэрийг улс эх орных нь эсрэг эртнээс угшилтай зүй бус үйлдлүүдийн нэг хэсэг хэмээн эрс шүүмжлэн буруушаасан байна. Тэрээр “Орос улсад спортын салбарт допингтой холбоотой асуудлууд байсаар байгаа. Үүнийг үгүйсгэх аргагүй. Харин нөгөө өнцгөөс харвал энэ бүх шийдвэр дахин давтагдаж байна. Хийсэн хэргийнхөө төлөө аль хэдий нь шийтгэл амссан тамирчид дахин хохирч байгаа юм. Энэ бол Оросын эсрэг хийрхсэн бугшсан үзлийн нэг хэсэг гэдэг нь тодорхой” гэжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин уг шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаа мэдэгдсэн байна. Эх сурвалжид дурдсанаар дэлхийн допингийн эсрэг агентлагийн гишүүд уулзалтын үеэр санал нэгтэйгээр Оросын баг тамирчдад тавих хоригийг дахин дөрвөн жилийн хугацаатай сунгахыг дэмжжээ.
Эх сурвалж: www.bbc.com