Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан АТГ-аас "Шударга байдал ба олон нийтийн ИТГЭЛ" хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Авлигыг бууруулах нь дан ганц АТГ-ын ажил биш. Хуулийн бусад байгууллага болох цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагуудаас гадна олон нийтийн оролцоо, хяналт ихээхэн чухал үүрэгтэй юм. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллаараа авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ шалгадаг боловч мөнгө угаах, хууль бус санхүүжилт, сонгуулийн санал худалдаж авах зэрэг хавсарсан шинжтэй бусад гэмт хэрэг хуулийн бусад байгууллагад харьяалагддаг байна. Тиймээс хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа авлигыг бууруулахад ихээхэн чухал гэдгийг АТГ-ын дарга З.Дашдаваа онцолж байлаа.
Уг зөвлөгөөнөөс бусад орны хууль тогтоох байгууллагуудтай хамтарч ажиллах, хуулийн байгууллагуудад ажиллаж байгаа ажилчдын тоо, цалинг нэмэгдүүлэх, шүүгчдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх, авлигын үйлдлийг мэдээлэх шуурхай тогтолцоог бий болгох, хуулийн байгууллагууд хамтран ажиллах механизмыг сайжруулах, эрхзүйн орчнуудыг боловсронгуй болгох зэрэг олон зөвлөмжийг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлсэн юм