"Ази фарм" ХХК-ийн дэд захирал Ц.Тунгалаг Гэмтэл согог, судлалын үндэсний төвөөс зарлагдсан тендер нь Тендерийн хууль зөрчсөн, энэ нь иргэдийн эрх ашгийг хохироож байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
“Ази фарма” ХХК-ийн дэд захирал М.Тунгалаг:
-Монголдоо ганц байдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хууль бус тендерийн сонгон шалгаруулалт явагдсанаас сүүлийн үед чанаргүй имплант, протез үе суулгуулсан иргэд эрүүл мэндээрээ хохирч, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө улсын томоохон эмнэлгүүдийн дарга нарын халаасны компаниуд руу орж байна.
"Ази фарм" ХХК Герман улсын “Валдимар инк” гэж үйлдвэрийн хиймэл үе солих имплант, протезийг Монголд оруулж ирэх, эрүүл мэндийн болон халамжийн сангаар дамжуулж, иргэдэд хүргэх зорилготойгоор ГССҮТ-ийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон. Гэтэл ГССҮТ-ийн 2019.03.06-ний өдрийн №196 тоотоор “Ази фарм” ХХК-д ТБОНӨБҮХАТХ-ийн 27.4-ийг үндэслэн гэрээ байгуулахаас татгалзсан хариу өгсөн.
Иймд “Ази фарм” ХХК-ийн зүгээс Сангийн яаманд тендер шалгаруулалтыг хянуулахаар гомдол гаргаж, Сангийн яамны зүгээс 2019.03.25-ний өдөр 6-1/630 тоотоор ГССҮТ-ийн тендрийн сонгон шалгаруулалтыг шударга явуулаагүй байна, дахин хянаж үзнэ үү гэсэн албан бичгийг илгээж, шаардлага тавьсан. Гэвч үүнийг үл ойшоож, тендерийн сонгон шалгаруулах журамд огт байхгүй заалтуудыг оруулж ирэн оролцож байгаа байгууллагуудад ижил тэгш шаардлага тавихгүй, эрх ашиг бүхий байгууллагадаа шударга бус үнэлгээг хийлээ.
Монгол хүнд хамгийн өргөн хэрэглэгддэг түнх, өвдөгний үений протез, хиймэл үе нийлүүлэх тендер будлиантаж, тендерт хувийн компаниудаа шалгаруулах болсон эргээд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс үүдэж, хариуцлагагүй компаниудын нийлүүлж буй чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээс болж, үе солиулах хагалгаанд орсон хүмүүс эмнэлэгт эргэн хандах нь түгээмэл болж, ясны цуурал, түнх үений мултрал, цусанд халдвар орж бохирдох гэх мэт эрүүл мэндээрээ хохирох асуудал гарсаар байгаа юм гэлээ.