СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн урлагийн олимп гэгддэг Венецийн Биенналь хаалтаа хийлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Их Британийн эзэн хааны шагналт, Лондонгийн Хейуорд галерейн захирал, америк гаралтай куратор Ралф Ругофын удирдлага дор зохион байгуулагдсан “Сонирхолтой цаг үед амьдрах болтугай” нэртэй Венецийн дүрслэх урлагийн 58 дугаар олон улсын биенналь долоон сарын туршид үргэлжилсний дараа саяхан албан ёсоор хаалтаа хийлээ.

Энэ жилийн наадмын нээлтэд 25,000 орчим олон улсад нэр нөлөөтэй урлаг судлаачид, уран бүтээлчид, цуглуулагчид, улс төрчид ирж оролцсон бол долоон сарын туршид нийт 600,000 орчим хүн үзэж, түүний дотор Хилари Клинтон, жүжигчин Брэд Пит, Жули Эндрюс зэрэг олон алдартангууд ирсэн байна.

Олон улсад нэр хүндээр тэргүүлдэг энэхүү наадамд энэ жил 89 орон оролцсоноос Гана, Мадагаскар, Малайз, Пакистан улсууд анх удаа оролцсон тохиолдол байв. Мөн Казакстан улс анх удаа оролцохоор албан ёсоор зөвшөөрлөө авч, биенналийн цахим хуудас, бусад хэвлэл мэдээллээр бичигдэж эхэлсэн боловч багийн дотоод зөрчил, үл ойлголцлоос үүдэн төсөл нь зогсож, тус маргаан нь олон улсын хэвлэл мэдээллийн бай болж дуусчээ.

Харин Монгол улс гурав дахь удаагаа “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр амжилттай оролцлоо. Тус үзэсгэлэнг долоон сарын туршид 80,000 орчим хүн үзэж сонирхсон ба олон улсын 30 гаруй сэтгүүл хамгийн шилдэг үзэсгэлэнгийн тоонд жагсаасан юм.

Венецийн биеннальд эх орноо төлөөлөн оролцсон, уран бүтээлч Э.Жанцанхорол нь дүрслэх урлагийн чиглэлээр Нью-Йорк хотын Хантэр коллежид суралцаж баклаврын зэрэг, Лос Анжелос хотын Калифорнийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан ба нэртэй уран бүтээлч М.Эрдэнэбаяр, Ж.Мөнхцэцэг нарын хүү юм.

“Агшин Зуур” үзэсгэлэнг онцгойлон баяжуулсан өөр нэг зүйл бол ер бусын нийлэг материалаар бүтээсэн хар өнгийн абстракт баримлууд байршсан үзэсгэлэнгийн орон зайнд монгол хөөмэйч Н.Ашит, Д.Дамдин, А.Ундармаа, Д.Даваасүрэн нар Германы домогт уран бүтээлч Карстэн Николайн хамт харилцан үйлдэлт авиан дүрслэлийн туршилтыг хийсэн явдал юм.

Энэхүү бүтээлээр дамжуулан хөөмэйн уламжлалт арга барил нь дүрслэлийн буюу дүрслэх урлагийн төрөл зүйл мөн байсан гэдгийг батлан харуулахыг зорьсон ба нэн орчин үеийн хэллэг рүү хөрвүүлж чадсанаар уг бүтээл ер бусын шинэлэг болж чаджээ.

Тус үзэсгэлэн нь тухтай болон тухгүй, өнгөрсөн ба одоо цагийн хачин хоёрдмол мэдрэмжийг үзэгчдэд төрүүлэхийн сацуу амьтай болон амьгүй зүйлсийн хувьсал, зохицлын талаар өгүүлсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.