АНУ-ын Нью Жерси мужид байдаг нэгэн их сургуульд хичээлийн шинэ жил эхэлснээс хойш эхний улиралд гурван ч оюутан амиа егүүтгэсэн байна. 19,600 оюутантай Рован их сургуульд хамгийн сүүлд Талархлын баярын маргааш нэг оюутан амиа егүүтгэжээ.
Энэ байдал нь сургуулийн захиргаа, ажилтнууд оюутнуудын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч, тэдэнд тулгамдсан асуудлаа ярилцах, сэтгэлзүйчид хандах боломжийг нээлттэй бүрэн олгоогүйгээс үүдэлтэй хэмээн эцэг эхчүүд шүүмжилж байна. Тус сургуулийн оюутнууд, төгсөгчид төдийгүй сошиал хэрэглэгчид энэ талаар санал шүүмжлэлээ илэрхийлжээ.
Төгсөх курсын оюутны ярьснаар найзыгаа амиа егүүтгэх хүртэл энэ талаар огт бодож байгаагүй, харин түүнийг алдсанаас хойш би ч бас хийх боломжтой зүйл мэт мэдрэгдэх болсон гэжээ. Цагдаагийн газраас эдгээр гурван оюутны амиа егүүтгэсэн хэрэгт ямар нэг тайлбар хийгээгүй, хэргийн мөрдөн шалгах явц үргэлжилж байгаа гэсэн юм.
Рован их сургуулийн багтаамж нэмэгдэж, оюутнуудын тоо өссөн ч тэдний сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах мэргэжилтнүүдийн тоог хангалттай хэмжээнд нэмэгдүүлээгүй гэж өөр эх сурвалжид дурджээ.
Нөгөө талаар АНУ даяар 2000 оноос хойш 15-24 насныхны дунд амиа егүүтгэх явдал ихэссэн байна. Тухайлбал Өмнөд Калифорнийн их сургуульд хичээлийн шинэ жил эхэлснээс хойш гурван оюутан амиа егүүтгэн нас барсан тухай өнгөрсөн сард мэдээлж байжээ.
Эх сурвалж: www.cnn.com