Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны хэлтсээс гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр гаргасан тайлангаа танилцууллаа. Энэ оны эхний 11 сарын байдлаар бараа эргэлт 12639.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6 хувиар буюу 787.1 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1471.8 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Монгол улс 2019 оны эхний 11 сард дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 76 улсад бараагаа экспортлож, 151 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.
Монгол Улсын экспортолж буй бараа бүтээгдэхүүн импортын барааны дүнгээс давж, ашигтай ажиллахад дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний экспорт 381.3 сая ам.доллараар, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 199.5 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 16.9 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.