Дэлхийн гоо бүсгүйчүүдийн тэмцээн уралдаанд чансаагаараа эхний дөрөвт багтдаг Miss Universe өнгөрсөн шөнө АНУ-ын Жеоржиа мужийн Атланта хотод зохион байгуулагдлаа. Miss Universe-ын 2019 оны ялагчаар Өмнөд Африкийн мисс Зозибини Тунзи шалгарч титмээ зүүсэн байна.
Тунзи усны хувцастай үзүүлбэр, үдшийн даашинз, нийгмийн талаарх асуулт хариултуудад амжилттай оролцож, эцсийн мөчид яагаад өөрийгөө титмийн эзэн болох ёстойг тайлбарлан шилдэг нь гэдгээ харуулжээ. Тунзи сүүлчийн асуултад хариулахдаа “надтай ижилхэн арьстай, над шиг үстэй эмэгтэйчүүдийн байдаг ертөнцөд би өссөн. Надтай адилхан эмэгтэйчүүдийг үзэсгэлэнтэй гэж хардаггүй тийм л орчинд өссөн. Өнөөдөр энэ бүгдийг дуусгах цаг ирсэн гэж бодож байна. Би хүүхдүүд миний царайг эгцлэн хараасай гэж хүсч байна” гэжээ.
Эцсийн шатанд Өмнөд Африкийн гоо бүсгүйтэй хамт Мексик, Пуэрто Рикогийн гоо бүсгүйчүүд шалгарч үлдсэн байна. 2015 онд санамсаргүй алдаа гаргаж Miss Universe олон улсын наадмын тэргүүн ялагчийг андууран зарлаж байсан Стийв Харви энэ жил алдаа гаргалгүй тав дахь удаагаа наадмыг амжилттай хөтөлжээ. Мөн энэ жил анх удаа ижил хүйстнээ сонирхогч гэдгээ олон нийтэд нээлттэйгээр зарласан Мьянмарын гоо бүсгүй Суэ Зин Тэт оролцсоноор онцлог болсон байна.
Miss Universe наадмыг жил бүр дэлхийн 190 гаруй оронд шууд дамжуулан үзүүлж, 2,5 тэрбум үзэгчид хүрдэг билээ.
Эх сурвалж: www.cnn.com