Сүхбаатар дүүрэгт байрлах Төв шуудангийн өмнөх С61 хэмээх гурван давхар эртний байр бол 1950-иад онд олзлогдсон япон цэргүүдээр бариулсан хотын төв цэгийн анхны орон сууцны байр юм. Энэхүү байранд генерал Дорж, Лхагвасүрэн, Цог, Батаа, Гүнсэн, Дамдинхүү, Бугын Дэжид сайд, Жамбын Батмөнх дарга нараас эхлээд цэрэг ба НАХЯ-ны олон хурандаа нар Маршал Ю.Цэдэнбалын өргөөтэй хаяа нийлэн аюулгүй байдлын давхар хангаж амьдарч байсан түүхтэй.
Гэвч энэхүү барилгыг удахгүй нурааж, оронд нь орчин үеийн барилга барих гэж байна.
"ЭКО КОНСТРАКШН" ХХК-ийнхан энэхүү барилгыг нурааж, оронд нь шинээр орон сууц барих зорилгоор зарим оршин суугчидтай тохиролцон байрыг нь худалдан авч үндсэндээ дуусжээ. Орон сууцаа худалдахыг хүсээгүй зарим оршин суугчид зүйл бүрээр тэмцсэн боловч, тэд хүчин мөхөсдсөн бололтой.
Өнгөрөгч амралтын өдрөөр энэхүү барилгын хананд байсан мозайк /ханын шигтгэмэл зураг/-ыг нураасан байна. Цахим ертөнцөд энэ тухай багагүй шүүмжлэл өрнөж, "Түүхийн дурсгалд ингэж хайр найргүй хандаж болдог юм уу" хэмээн барилгыг компанийг буруутгаж байсан юм.
Монголын урчуудын эвлэлийн хорооноос энэ талаар лавлахад "Энэ бол уран барималч Ш.Галсандоржийн ардчилсан хувьсгалд зориулж, 1990 онд бүтээсэн "Цагаан морин жил" хэмээх бүтээл" гэсэн юм.
Энэ өдрүүдэд Ардчилсан нам ардчиллын 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Ардчилсан хувьсгалын түүхийг илтгэх "Цагаан морин жил" мозайкийг "Эко констракшн" компанийнхан ийнхүү буулгалаа. Өөр газар шилжүүлнэ гэсэн мэдээллийг холбогдох газруудад нь өгсөн байна. Харин яг хаана шилжүүлэх гэж байгаа талаарх мэдээллийг авахаар тус компанийн маркетингийн албатай холбогдох гэсэн боловч, хариу өгөх хүн гарсангүй. Иймд ардчиллын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа Ардчилсан нам энэхүү бүтээлд анхаарал тавих шаардлагатай байна.
Уг бүтээлийг туурвисан ахмад зураач, уран барималч, сийлбэрч агсан Ш.Галсандорж нь 1962 онд Урчуудын эвлэлд элсэн орж байсан нэгэн бөгөөд 10 гаруй музейн ажилд гар бие оролцжээ. Тэрээр 1996 онд МУИС-ийн урд байрлах Х.Чойбалсан агсаны хөшөөг сэргээн засварлаж байгаад гэмтэл авсан бөгөөд удалгүй харвалт өгснөөр баруун гараараа зураг зурах боломжгүй болсон ч бууж өгөлгүй, зүүн гараараа зургаа зурж байсан, сэтгэлийн хаттай нэгэн байсан аж. Түүний үр хүүхдүүд нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн гэсэн мэдээлэл байна.