Тайваний Таоюань хотод өнгөрсөн долоо хоногт болсон Зүүн Азийн тусгай олимпод Хөвсгөл аймгийн Тариалан сумын Чулуун-Эрдэнийн Талынбүүвэй холын зайн гүйлтийн 1500 м-т амжилттай оролцож алтан медаль хүртэв. Зүүн Азийн бүс нутгийн 6 орны 300 гаруй хүүхэд оролцсон тэмцээнээс тэрбээр монгол тамирчдынхаа медалийн салхийг ийн хагалсан байна.
Сумаасаа анх удаагаа оролцож буй 12 настай тамирчин хүүг тус сумын ЕБС-ийн сурагчид, сумын захиргаа, аж ахуй эрхэлдэг байгууллагууд дэмжиж хандивын аян өрнүүлэн тэмцээнд оролцох зардал болоод ирж очих унааных нь мөнгөөр тусалжээ.
Өмнө нь хүү Хөвсгөл аймгийн Мөрөн хотод өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан тусгай олимпод оролцон ойрын зайн гүйлтийн 100, 200 метрт алт, мөн сагсан бөмбөгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ.