Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод үйл ажиллагаа явуулдаг дөрвөн давхар барилга бүхий цүнхний үйлдвэрт орон нутгийн цагаар ням гарагийн өглөө гал гарчээ. Үйлдвэр шатах үед барилга дотор багадаа 100 хүн унтаж байсан бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр 43 хүн амь үрэгдэж, 60 орчим хүнийг аварсан байна.
Ихэвчлэн сургуулийн хүүхдүүдэд зориулсан цүнх үйлдвэрлэдэг газар шатаж, олон арван иргэнээ алдсанд Ерөнхий сайд Нарендра Моди гүн эмгэнэл илэрхийлжээ. Орон нутгийн гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр үйлдвэр галын лицензгүй ба хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ. Үйлдвэрийн эзэн Рехан гэгчийг баривчлан саатуулсан байна.
Гал барилгын доод хэсгээс эхлэн асч, хормын төдийд ажилчдын унтаж байсан гуравдугаар давхарт хүрсэн байна. Барилгад байсан гэрчийн ярьснаар түүнийг сэрэхэд хүмүүс энд тэнд уйлж, тусламж дуудан хашгирч байсан гэжээ. Галын шалтгаан тодорхойгүй, мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Анхан шатны дүгнэлтээр цахилгааны массаас болж түймэр ассан байж болзошгүй гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com