НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аяныг "ОйлГОЁ ХҮНдэлье" уриан доор эхлүүлсэн.
Энэ аян охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 сарын 25-ны өдөр эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилдэг юм. Олон улсын хэмжээнд 1991 оноос, Монгол улсын хувьд 1997 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн.
Дэлхий даяар жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь бага насны хүүхэд болон эмэгтэйчүүд байсаар байна.
Судалгаагаар монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн ямар нэгэн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан болохыг тогтоосон байдаг. Мөн монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна.
Түүнчлэн ЖСХ-д өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулжээ.
Тиймээс ЖСХ-ийг таслан зогсоохын тулд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн болон гэр бүл нийгэмд тэдний гүйцэтгэх үүргийн талаархи хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулдаг юм.
Мөн ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилгоор НҮБХАС-аас олон талт үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг 7 аймаг, УБ хотын 2 дүүрэгт байгуулах замаар хохирогч хамгааллын тогтолцоог бий болгох төслийг хэрэгжүүлж байгаа юм байна.