Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачууртын Шар хоолойгоор энэ сарын 4-6-ны өдрүүдэд хүрэн баавгай орж ирсэн тохиолдол гарсан байна.
Нийслэлийн Байгаль орчны газраас өгөөш тавьж амьд баригчаар барих гэж оролдож байгаа ч одоогоор барьж чадаагүй байгаа гэнэ.
Иймээс энэ амралтын өдрүүдэд Гачууртын чиглэлд ой модоор аялал зугаалга хийхгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.
Баавгай ингэж хэрэн хэсч байгаа гол шалтгаан нь энэ жил самар, жимс их бага ургасан нь байгалийн нөөц баялагаар амьдардаг амьтдын хувьд хүнс тэжээл нь ховордоод байгааг мэргэжлийн хүмүүс дурдаж байсан. Дээрээс нь бага ургасан самар жимсийг нь хүмүүс түүгээд авчихаар ан амьтдад идэх юм олдохгүй болж байна. Тархсан нутагт нь баавгайн барьж иддэг ан, амьтад хүний буруутай үйл ажиллагаанаас болоод дайжаад явчихсан учир баавгай ичих хугацаа нь болоход тарга тэвээрэг бүрэн авч чадалгүй өлсөж айл хот руу орж идэш тэжээл олж идэх тохиолдол хэд хэд гарсан билээ.