Саудын Арабын төрийн мэдлийн газрын тосны корпораци Saudi Aramco IPO хувьцаа гаргахаа урьд өмнө мэдэгдэж байсан ч хэмжээг нь хараахан тогтоогүй байсан юм. Тэгвэл 1,7 их наяд ам.долларын үнэлгээтэй компани нийт хувьцааныхаа 1,5 хувийг буюу 25,6 тэрбум ам.долларын IPO хувьцааг хөрөнгийн бирж дээр худалдсан байна.
Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнэтэй хувьцаа борлуулж буй явдал юм. 2014 онд Хятадын цахим худалдааны сүлжээ Alibaba Нью-Йоркод 25 тэрбум ам.долларын IPO хувьцаа гаргаж дээд амжилт тогтоож байжээ.
Aramco IPO хувьцаагаа зөвхөн дотоодын иргэд, орон нутгийн хөрөнгө оруулагчдад худалдсан байна. Дараагийн ээлжинд гадны хөрөнгийн биржүүдэд ч зарах төлөвлөгөө байгаа гэж мэдээлсэн. Угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманы Саудын эдийн засгийг задалж хөгжүүлэн, газрын тосноос хэт хараат байдлыг багасгах зорилготой төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь Saudi Aramco-ын IPO хувьцааг худалдах юм.
Улс орныг шинээр аж үйлдвэржүүлэн хөгжүүлэхэд хэдэн арван тэрбум ам.долларын санхүүжилт нэн даруй шаардлагатай байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ. Саудын Тадавул хөрөнгийн бирж болон гадны хөрөнгийн бирж дээр IPO хувьцаагаа худалдаж эхний ээлжинд 100 тэрбум ам.долларын хөрөнгө босгоно гэж тооцсон байна.
Эх сурвалж: www.bbc.com