Франц улсад ойрын хэдэн жилийн түүхэнд бичигдээгүй өргөн хүрээг хамарсан ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал боллоо. Жагсаал эмх замбараагүй байдал, мөргөлдөөнөөр үргэлжилснийг эх сурвалжууд онцолж байна.
Тэтгэврийн насыг уртасгаж, тэтгэмжийг багасгах хуулийн шинэчлэлийг эсэргүүцэж улс орон даяар 800,000 иргэн ажил хаяж жагссан бөгөөд зарим хотуудад жагсагчид цагдаа нартай мөргөлджээ.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэхийг хүссэн хэмээн тайлбарласан юм. Тэрээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлтэй багагүй тулгарч байна. Түлш шатахууны үнийг нэмэхийг эсэргүүцсэн шар хантаазтнуудын жагсаал түүнд багагүй сургамж, туршлага болсон. Макрон тэтгэврийн шинэчлэлээс гадна хөдөлмөрчдийн амрах хууль, бизнес эрхлэгчдийн татварыг бууруулах зэрэг хэд хэдэн алхмыг санаачилсан юм.
Энэ удаагийн жагсаал Франц орны 100 гаруй хотыг хамарсан гэж Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Харин үйлдвэрчний эвлэлүүд 1,5 сая иргэн ажил хаялт, жагсаал хөдөлгөөнд нэгдсэн ба нийслэл Парист 250,000 хүн жагссан гэж мэдэгдсэн байна. Мөн газрын тосны найман үйлдвэрийн долоог бүсэлсэн ба жагсаал сунжирвал түлш шатахууны хомсдол үүсэхийг анхааруулжээ.
Пүрэв гарагийн турш Парисын аялал жуулчлалын төв болсон Эффелийн цамхаг, Версалийн ордон зэрэг түүхэн дурсгалт газрууд хаалгаа барьсан байна. Нийслэлд 71 хүн жагсаалын үеэр цагдаа нарт баригджээ.
Хурдан галт тэрэг, хот хоорондын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөний 90 хувь нь хувиараа цуцалсан бол Парист метроны 16 шугамын ердөө тав нь ажиллажээ. Мөн Дотоодын олон зуун нислэг, олон улсын нислэгийн 30 орчим хувь цуцлагдсан болон хойшлогдов.
Франц улсад сүүлийн 10 жилд тэтгэврийг насыг 60 байсныг 62 болгож нэмэгдүүлсэн нь чинээлэг орнууд дунд харьцангуй эрт тогтоосонд тооцогддог. Тухайлбал Их Британид тэтгэврийн нас 65 байдаг аж. Мөн 64 наснаас эрт тэтгэвэрт суувал тэтгэмжийн хэмжээг бууруулахаар Ерөнхийлөгч санаачилсан юм. Өөрөөр хэлбэл 63 настай тэтгэвэрт суувал тэтгэмжийг таван хувиар бага тогтооно гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com